Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

18 тэрбум хаачив гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд 2013 оны Ерөнхий сайдын багцад туссан 50 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар мэдээлэл хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.

Тэрээр Ерөнхий сайд өөртөө ямар ч задаргаагүй 50 тэрбум төгрөг хуваарилж болохгүйг УИХ дахь МАН-ын бүлгээс удаа дараа сануулж, Төсвийн болон холбогдох хууль тогтоомжийг мөрдөхийг шаардсаар ирсэн боловч олонхи хүч түрэн баталсан. Мөн 50 тэрбумын зарцуулалтыг олон нийтэд тайлагнахыг МАН-ын бүлгээс шаардсаар ирснийг уг дүгнэлтэд онцоллоо.

Ерөнхий  сайдын мэдээллээс дүгнэхэд 50 тэрбум төгрөгийг нийт долоон багц арга хэмжээнд Засгийн газар зарцуулжээ. Тухайлбал, замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй, тасалбарын систем нэвтрүүлэх, шуудангийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй шуурхай болгох, баруун гурван аймагт битүү зах, худалдааны төв барих, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт цогцолбор, дугуйн зам барих, Залуучуудын соёлын төвийг сэргээн засварлах, Улаанбаатар хотод эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулах, 11 аймагт оношлогооны төв бий болгоход зарцуулсан байна.

Гэхдээ Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлд 50 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл, арга хэмжээнээс 32 төсөл, арга хэмжээ буюу нийт 44.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг хүлээлгэн өгсөн гэжээ. Үүнээс 2013 оны төсвийн жилд Сангийн яамнаас ирүүлсэн мэдээллээр 26.342.659.844 төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжүүлсэн байх бөгөөд үлдсэн зөрүү болох 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2014 оны төсвийн жилд хэрхэн санхүүжүүлсэн нь тайлбар шаардаж байна. Өөрөөр хэлбэл, үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг вексел буюу нэг төрлийн өр болгосон байх бөгөөд энэ нь анхнаасаа 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг 2013 оны эхний улиралд багтаан байнгын хороогоор батлуулах үүргээ Засгийн газар биелүүлээгүй зөрчсөн, Ерөнхий сайд буюу уг төслийн төсвийн ерөнхийлөн захирагч Н.Алтанхуяг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 41.2.7 “хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах” үүргээ хангалтгүй биелүүлсний үр дүн гэж үзэхэд хүргэж байна гэлээ.

Тиймээс 2014 оны төсөвт тусгагдаагүй үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар Үндэсний аудитын байгууллагаар тусгайлан дүгнэлт гаргуулж, тендерийн хууль тогтоомж зөрчсөн байх үндэслэлтэй асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай албан тушаалтанд хариуцлага ногдуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг шаардаж байна хэмээлээ.

Г.ДАРЬ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж