УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Уг хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тайлагналаа.
Түүгээр замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй, тасалбарын систем нэвтрүүлэх зорилгоор 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин худалдан авах, програм хангамж сүлжээ бий болгоход 1.8 тэрбум төгрөг, хот хоорондын шуудан тээвэр хүргэлтийн авто машин нийлүүлэхэд 880 сая төгрөг, шуудангийн тээвэр хүргэлтийн GPS суурьтай хяналтын систем нэвтрүүлэхэд 99 сая төгрөг, шуудан хүргэгч нарт гар компьютер худалдан авч өгөхөд 150 сая төгрөг, мэдээллийн ложистик сүлжээ байгуулахад 80 сая төгрөг, ухаалаг шуудангийн хайрцаг худалдан авч, суурилуулахад 720 сая төгрөгийг тус бүр зарцуулжээ.
Мөн Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад битүү худалдааны төв барихад 9.7 тэрбум төгрөг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гадна спорт цогцолбор барих, хөл бөмбөгийн талбай 1 ширхэг, талбайн теннисны талбай 3 ширхэг, сагсан бөмбөгийн талбай 3 ширхэгийг байгуулахад 1.6 тэрбум төгрөг, мөн тус хүрээлэнд 2.655 км урт дугуй, цана, гүйлтийн хосолсон зам болон дугуйн зогсоол барихад 3.7 тэрбум төгрөг, Залуучуудын соёлын төвийг сэргээн засварлахад 2.5 тэрбум төгрөгийг тус бүр зарцуулжээ.
Тэгвэл 11 аймагт оношлогооны тоног төхөөрөмжүүд худалдан авахад 23.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ мэтчлэн ажлуудад зарцуулсаар Ерөнхий сайдын багц дахь 50 тэрбум төгрөг дууссан юм байна.
Эл асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдад хандан асуулт тавиад байна.
Г.ДАРЬ