Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилуулах саналыг УИХ-ын даргад өргөн барив. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлж байгаа гэлээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилох нь зүйтэй гэснийг АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар Ш.Түвдэндорж сайд болох нь хууль зөрчихгүй юм. Олон нийтийн зүгээс болон Ерөнхийлөгчийн зүгээс дараагийн сайдыг парламентийн гаднаас байх нь зүйтэй гэдэг байр суурьтай байсан ч Засгийн газраас ийнхүү УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг өргөн мэдүүллээ. Тиймээс ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаан, чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.
Ш.Түвдэндорж 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХЯ-ны сайд, 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МОАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Ардчилсан намын Нийслэлийн даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Хуульзүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна.
Ш.ОЧ