Цахим худалдан авалтын гүйлгээг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Цахим худалдан авалтын гүйлгээг нэвтрүүлнэ

-Банк хоорондын гүйлгээ шууд ордог болсноор бэлэн мөнгө ашиглалтыг бууруулна гэв-

Банк хоорондын гүйлгээ урьд нь удаж ордог байсан бол тавдугаар сарын 23-наас харилцагчийн шилжүүлсэн төлбөр хүлээн авагчийн дансанд шууд ордог болсон. Энэ талаарх хэвлэлийн хурлыг өнөөдөр Монголбанкнаас хийсэн бөгөөд Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан салбарын талаарх мэдээллийг өглөө.

Монголбанк бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх үндсэн зорилтынхоо хүрээнд төлбөрийн системийг сайжруулахад шат дараалсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар энэ үеэр танилцуулсан юм. Тухайлбал,

– 2009 онд төлбөрийн системийн эрсдэлийг бууруулах, харилцагчийн гүйлгээг бодит цагийн горимоор дамжуулах боломжийг бүрдүүлсэн “Банксүлжээ” системийг нэвтрүүлсэн;

-2010 онд “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г “Нэг карт-Нэгдсэн сүлжээ” уриатайгаар байгуулж тухайн банкны карт эзэмшигч аль ч банкаар төлбөрийн картаар төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжийг 24 цагаар тасралтгүй үзүүлэх болсон; –

2012 онд үндэсний мөнгөн тэмдэгтээр нэрлэсэн дэлхийд танигдсан олон улсын төлбөрийн картуудтай тэнцэхүйц өндөр нууцлал бүхий “Үндэсний брэнд ₮” төлбөрийн картыг банкуудтай хамтран гаргасан;

– 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын тогтоолоор батлагдсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам” болон Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайдын хамтарсан тушаалаар “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох үйлчилгээ”-ний мөнгөн тэтгэмжийг банкуудад хуваарилж эхэлсэн;

– 2013 онд Монголбанк болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран Монгол Улсын Засгийн газраас мал бүхий иргэдэд олгож буй ноос, арьс, шир үндэсний үйлдвэрт худалдсаны урамшууллыг банкаар дамжуулан малчин иргэдийн дансанд хуваарилж эхэлсэн байна.

Ийнхүү Монголбанк нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-д тусгагдсан Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2014-2016 онд эрчимжүүлэх үүргээ амжилттай биелүүлсэн талаар албаныхан онцолсон. Тодруулбал, 2014 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 24/7 бодит цагийн горимоор 1 сая төгрөгөөс доош мөнгөн дүнтэй гүйлгээг тасралтгүй, найдвартай дамжуулах програм, техник хангамж болон зохицуулалтын орчинг бий болголлоо. Монголбанкны зүгээс 24/7 бодит цагийн горимоор гүйлгээ дамжуулах болсон нь “Банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жил”-д зориулан төлбөрийн системийн нийт оролцогчтой хамтран хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг юм. 

Одоогийн байдлаар “Банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцооны сүлжээ”-нд Монголбанк, бүх банкны төв салбар, Сангийн яамны Төрийн сангийн газар, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв гэсэн нийт 20 оролцогчтой бөгөөд Монгол Улсын төлбөрийн системийн оролцогчид хооронд иргэдийн гүйлгээг дамжуулах үндсэн дэд бүтэц бүхий төлбөрийн системийн үндсэн сүлжээ ажээ. Тус сүлжээгээр хийгдэж буй гүйлгээний тоо жилээс жилд өсч, “Төлбөрийн системийн тоон үзүүлэлтийн тайлан”-аас харахад 2013 оны байдлаар банк хоорондын бага дүнтэй гүйлгээ 0.9 их наяд төгрөгийн 16.7 сая ширхэг хийгдсэн ажээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.4 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Банк хоорондын бага дүнтэй гүйлгээ гэдэгт байгууллага хооронд, иргэд байгууллага хооронд, иргэдээс иргэд хооронд  шилжүүлэх 1 саяас доош мөнгөн дүнтэй гүйлгээг бэлэн бус хэлбэрээр буюу банкны салбараар, интернэт, цахим банкаар, гар утсаар хийж буй орлого, шилжүүлэг болон бүх төрлийн төлбөрийн гүйлгээ орох юм байна. Банк хоорондын бага дүнтэй гүйлгээ 24/7 бодит цагийн горимоор дамжуулдаг болсноор Улаанбаатар хотын болон орон нутгийн иргэдэд учирдаг гүйлгээ хийгдсэнээс хойш хүлээлт үүсэхгүй тухайн мөчид хүлээн авагчийн дансанд орох юм. Ингэснээр бэлэн мөнгөний хэрэглээ буурах, банк, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, найдвартай, шуурхай авах, бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ өсөх, иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэх, жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесийн цар хүрээгээ өсгөх зэрэг эерэг нөлөөтэй ажээ.

Цаашид, Монголбанк банк хоорондын хөдөлгөөнт банкны үйлчилгээ, цахим худалдан авалтын гүйлгээг нэвтрүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж