МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн “Итгэлийн Танхим ” төслийн хүрээнд өнгөрсөн жил Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хүлээлгийн танхимыг орчин үеийн өвөрмөц шийдлээр тохижуулж хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ удаа Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн “Хүүхдийн зөвлөх поликлиник"-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах “Итгэлийн танхим-хүүхдүүдэд” төсөл зургадугаар сарын 1-ны өдөр буюу эх үрсийн баярын өдөр ажлаа эхлүүлээд удаагүй байна.
Тэгвэл уг төсөлд нь 3 сая 500 мянган төгрөгийг Австрали улсаас нэгэн монгол гэр бүл хандивлажээ. Жүжигчин Г.Ундармаа энэ талаар “ “Монгол ахан дүүс минь ямар сайхан сэтгэлтэй, ямар мундаг агуу юм бэ. Холын хол Австрали улсад амьдарч буй Лхагваа гэж эмэгтэй хүүхдүүдийн төлөө хийж буй сайхан үйлсэд тань бидний гэр бүлээс туслахыг хүслээ гээд 3 сая 500 мянган төгрөгийг “Итгэлийн танхим- Хүүхдүүдэд” төсөлд Даянжавын гэр бүлээс хэмээн гарчиглан илгээсэн байна. Даянжавын гэр бүлийнхэнд мянга мянган Монголчуудынхаа өмнөөс амжилт, эрүүл энх, амьдралын хамгийн сайхан баяр баясгалан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн цахим хуудаснаа талархлаа илэрхийлсэн байна.
Б.БАТ