
Улсын их баяр наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Бөхчүүд, уяачид, харваачид наадмын бэлтгэлдээ аль хэдийнэ гарчээ. Ховд нутгийн бөхчүүд л гэхэд нийслэлээс холгүйхэн орших Сүүж ууланд улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүдээс бүрдсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй наадмын бэлтгэлээ хийж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт тэргүүтэй хүмүүс бөхчүүдийн галаа эргээд иржээ.
Ховд нутгаас дээхнэ үед Ш.Ванчинхүү, Рэнцэндорж зэрэг бөхчүүд сайн барилдаж байжээ. Тэднээс хойш улсын заан Ч.Бямбадорж, Д.Мягмар гээд нэгэн үеийн хүчтэнүүд төрөн гарсан байна. Мөн хүмүүсийн сайн мэдэх улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг нар нутгийнхаа нэрийг гарган, шуугиулж байв. Одоо тэд нутгийнхаа галыг ахлан, залуу бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулийг хийлгэж байгаа юм байна.
Д.ОЮУН