
Хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын хууль зөрчсөн үйлдэлд АТГ-аас хариуцлага тооцуулахаар харъяалах дээд байгууллага буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд хандахад, “Хариуцлага тооцох боломжгүй” гэсэн хариуг ирүүлжээ. Тиймээс өчигдөр хууль зөрчсөн албан тушаалтандаа хариуцлага тооцоогүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны шийтгэлийг шүүгч ногдуулна гэсэн хуулийн дагуу шийдэж байгаа нь энэ юм байна. Тус хуульд зааснаар хууль зөрчсөн албан тушаалтныг 150000-200000 төгрөгөөр торгох тухай заалт бий. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй атал хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлж хууль зөрчсөн албан тушаалтандаа хариуцлага тооцох хүсэлгүй байгаа Ц.Энхтүвшин даргын асуудлыг шүүх хэрхэн шийдэх нь удахгүй тодорхой болох нь.
Н.Бүжин