Эрэлхэг цагдаа нар долоон хүний амийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Эрэлхэг цагдаа нар долоон хүний амийг аварчээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгонд өнгөрсөн тавдугаар сарын 31-нд “Range Rover” маркийн автомашинтай залуус гарамгүй газраар Туул гол гаталж байгаад голын усны хайрганд идэгдсэн гүн рүү орон улмаар живэх шахжээ. Тухайн үед голын ус тэдний сууж явсан автомашины оройг давж, дотор нь сууж явсан зургаан том хүн, хоёр сартай бяцхан хүүхэд амиа алдах аюулд орсон байна. Энэ үед жолоо барьж явсан М.Золбоо бусдыгаа цаг  алдалгүй машиныхаа дээр гаргаж чадсан ч өөрөө гар алдан голын хүчтэй урсгалд урссан гэнэ. Голын эрэг дагуу амарч байсан амрагчид тэднийг харсан даруйдаа Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд дуудлага өгснөөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэсийн харьяа Гачуурт тосгонд ажиллаж байсан цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаяр, ахлах ахлагч Л.Мөнхбат нар ослын газарт очсон байна. Тэднийг ирэхэд голын эрэг орчмоор 20 гаруй хүн байсан хэдий ч яахаа мэдэхгүй, сандралдан ийш тийш гүйж байсан аж. Энэ үед нэгэн залуу амь тэмцэн голын дундах жижиг мөчирнөөс зүүгдсэн /жолоо барьж явсан М.Золбоо гар алдан голын хүчтэй урсгалд урсан улмаар бургаснаас зүүгдсэн/ байхыг харсан цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаяр сэлж очин түүний амийг аварчээ. Үүний дараагаар гол дунд “Range Rover” маркийн автомашин дээр усны мандалтай зэрэгцэн цухуйж байсан таван том хүн нэг нярай хүүхдийг эсэн мэнд аварч, цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Болсон явдлын талаар М.Золбоо “Би бусдыгаа машин дээр гаргаж байхдаа гар алдан хүчтэй урсгалд урссан. Ингэж байхдаа азаар нэг бургаснаас зуурч амжсан ч удалгүй тамир тасран яг л гар алдах гэж байхад нэг хүн хар хурдаараа сэлж ирээд намайг аварсан. Хэрвээ дахиад ганц минут л хүлээсэн бол би шууд л урсах байсан. Тэр хүнд үнэхээр их баярлаж байна” хэмээв. Түүнийг уснаас гаргаж ирэхэд тэрбээр маш их сульдсан байдалтай байсан гэдэг.

Хоёр цагдаа цаг алдалгүй эр зориг гарган шуурхай ажиллан иргэдийн амь насыг авран голын эрэгт гарган эмнэлэгийнхэн яаралтай түргэн тусламжийг үзүүлсэн байна. Хэрвээ цагдаа нар тухайн үед автомашин живсан газарт түргэн шуурхай ирэн эр зориг, авхаалж самбаа гарган тэднийг авраагүй бол өнөөдөр миний хүүхдүүд осолдох байсан хэмээн Золбоогийн аав Н.Мягмар ярьсан юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 35 дугаар ангийн албан хаагчид тухайн газарт ажиллан живсэн автомашиныг голын эрэг рүү татаж гаргажээ. Автомашиныг гаргахаар олсоор чирэх үед голын урсгал хүчтэй байсан учраас урсгалд цохигдон хажуулсан байна. Тиймээс өргөгч кран ашиглан автомашиныг уснаас гаргажээ. Хэрвээ энэ тохиолдолд бороо орж, усны түвшин нэмэгдсэн бол эдгээр зургаан хүн амь насаа ч  алдах нөхцөл үүсэх байсан гэж албаныхан ярьж байлаа.

Усанд урссан М.Золбоо нь тухайн өдөр Гачууртын Монгол шилтгээнд товлогдсон тогооч нарын тэмцээнд оролцохоор эхнэр, 2 сартай хүүхэд болон эгч найз нөхдийнхөө хамт очсон байна. Гэвч тухайн тэмцээний тов хойшлогдсон учраас гэр бүлээрээ ийнхүү амрахаар Туул голыг өгсөж яваад автомашинтайгаа живжээ.

-Тухайн газар цагдаа нарыг очиход Range Rover маркийн автомашины дээвэр нь цухуйж байжээ-

Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэсийн удирдлагууд эр зориг гарган хүний амь насыг аварсан ахлах ахлагч Э.Энхбаярыг “Шударга журам” шагналд, ахлах ахлагч Л.Мөнхбат “Цагдаагийн алдар” шагналд тус тус тодорхойлоод байгаа юм.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэс дээр иргэн М.Золбоогийн аав Н.Мягмар хүүгийнхээ алтан амийг аварсан ахлах ахлагч Э.Энхбаярт гэр бүлийнхнийхээ өмнөөс баярласан сэтгэлээ илэрхийлэн “Талархал”-ын бичиг, мөнгөн шагналаар урамшуулсан юм. Тэрбээр иргэдийн амгалан тайван байдлын төлөө цаг наргүй зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч, ажил үүргээ нэр төртэй биелүүлж яваа цагдаагийн хамт олон бие бүрэлдэхүүнээр бахархаж байгаагаа онцлон хэллээ.

Дэлгэрэнгүйг www.eagle.mn-ээс уншина уу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж