-Хаа хүрэв?
-Хот орлоо.
Монгол хүн бүр хот гэхээр ямар хотыг хэлж байгааг нь ойлгоно. Харин гадныхан ойлгохгүй, ямар хот вэ гэж асуух хэрэг гарна. Бид чинь ганц хоттой улс юм. Засаг захиргааны нэгжийн хуулиндаа ч Монгол Улс Улаанбаатар гэдэг цорын ганц хоттой гээд заасан байгаа. Хуучин хотын статустай байсан Дархан, Эрдэнэт өнөөдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум болсон.
Энэ ганц хотдоо улсын маань хүн амын тал нь чихэлдэн амьдарч байна. Өнөөдөр Улаанбаатар дэлхийн том хотуудын жагсаалтад дээгүүрт орох боллоо. Энэ эрчээрээ ердөө хэдхэн жилийн дараа хотын хүн ам 2 саяд хүрнэ. Гэтэл Дархан, Эрдэнэтийн хүн ам 100 мянга ч хүрэхгүй. Аймгийн төвүүд 20-30 мянган хүнтэй.
Нэг саяаас дээш хүн амтай хотын тоо 317 сая хүнтэй АНУ-д ердөө 9, дэлхийн хамгийн том нутагтай 144 сая хүнтэй ОХУ-д 12, хүн ам хамгийн шигүү суух 50-аад улстай европ тивд 40 л бий. Дэлхийн ихэнхи орнуудын хоёрдох, гуравдах хотуудын хүн амын тоо ойролцоо, эсвэл хол зөрүүгүй. Харин Монголд энэ зөрүү 15 дахин их байна. Асар уудам нутагтай манай орны хувьд энэ бол төвлөрлийн гажуудал юм. Энэ хэт төвлөрөл нь Улаанбаатар орчмын газар нутгийг эко системийн аюултай голомт болголоо. Энэ газар нутагт цаашдаа хүн эрүүл амьдрах аргагүй боллоо. Агаар, хөрс, усны бохирдол хэвийн хэмжээнээс хэдэн арав дахин их байгаа. Агаарын бохирдол эхийн урагт нөлөөлөх болж, төрөлхийн гажигтай хүүхдүүд төрж байгаа тухай эмч нар ярьж байна. 2020 он гэхэд нийслэл хот ундны усны хомсдолд орно гэдгийг мэргэжилтэнүүд сануулж байна. Ерөөсөө манай улсын хүн амын тал нь энэ голомтод хордож байгаа нь үндэсний аюулгүй байдлын ноцтой асуудал юм.
Энэ бүхэн бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн бодлого алдагдсантай холбоотой. Бид энэ асуудлыг одоо л ярьж, далайцтай арга хэмжээ авахгүй бол байдал улам дордоно. Уг нь Монголын төр Улаанбаатар хотын хэт төвлөрлийн гажуудлыг харсан уу харсан, үүнийг засах талаар бодлого гаргасан уу гаргасан. Аль 2001 онд Монгол Улсын Бүсчилсэн Хөгжлийн Үзэл Баримтлалыг (БХҮБ) гарган УИХ-аас тогтоол гарган баталсан байдаг. Энэхүү үзэл баримтлалд Монгол Улс баруун, хангайн, төвийн, зүүн, Улаанбаатарын гэсэн 5 бүсэд хуваагдана, баруун бүс нь Ховд, Улиастай, хангайн бүс нь Эрдэнэт, Хархорин, төвийн бүс нь Дархан, Зуунмод, зүүн бүс нь Чойбалсан, Өндөрхаан гэсэн төвүүдтэй байна гэж заажээ.
Түүнчлэн, энэхүү бодлогыг дунд хугацаанд буюу 2010 он хүртэл хэрэгжүүлэх стратегийг 2003 онд УИХ-р тогтоол гарган баталжээ. Гэтэл энэ хугацаа хэтрээд 2014 он талдаа орлоо. Гэвч Монгол улсаа бүсчлэн хөгжүүлэх талаар төр цаас гаргаснаас өөр бодитой ажил хийсэнгүй өдий хүрлээ.
Тиймээс Монголын төр өнөөдөр БХҮБ-ийн хэрэгжилтийг үнэлэж, дүгнэх цаг болжээ. БХҮБ-ийг эргэн харах шаардлагууд ч бий. Тухайлбал, бүсийн тулгуур төвүүдэд засаг захиргааны бодит эрх мэдэл олгох уу эсвэл цаасан дээр нэр төдий цоллуулсаар үлдэх үү, бүсийн төв хоёр байх нь оновчтой эсэх эсвэл нэг л төвтэй байх уу, хэдхэн жилийн дараа Улаанбаатар хоттой хаяа нийлэх Зуунмод сум төвийн бүсийн нэг тулгуур төв болж чадах эсэх гэх мэт.
Бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар Улаанбаатартай холбож байна. Дулааны станцууд барьж эхэллээ. Бас орон сууцжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болоо. Энэ бүхэн төвлөрлийг тодорхой хэмжээгээр сааруулна. Гэхдээ төвлөрлийг далайцтай задлаж чадахгүй. “Шинэ сум” төсөл бол төвлөрлийг задлахад бүр нөлөө үзүүлэхгүй. Учир нь Улаанбаатар хот зөвхөн хүн амын тооны хувьд биш эрх мэдэл, санхүү, капитал, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний, мөн соёлын хэт төвлөрөл болчоод байна. Үүнийг задлах маш хэцүү. Төрөөс том шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байж л үр дүнд хүрнэ. Хамгийн үр дүнтэй нэг арга бол төр өөрийн нүсэр бүтцээ задалж, бүсийн төвүүд рүү шилжүүлэх юм. Тухайлбал, их дээд сургууль, коллеж, хүрээлэн, судалгааны төвүүд, Дээд Шүүх, Үндсэн Хуулийн Цэц, Улсын Ерөнхий Прокурор зэрэг төрийн зарим институци, төрийн өмчит томоохон компаниудыг шилжүүлэх, мөн улcын клиник эмнэлгүүдтэй өрсөлдөхүйц том эмнэлэгүүдийг бүсийн төвүүдэд байгуулах зэрэг юм.
Засгийн Газар дээр дурдсан аргатай холбоотой нэгэн чухал шийдвэр гаргасан. Энэ бол их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос гаргаж Багануур дүүрэгт шилжүүлэх шийдвэр юм. Санаа нь зөв, шийдвэр нь буруу.
Шийдвэр нь яагаад буруу вэ. Улаанбаатар хотын төвөөс Багануур хүртэл ердөө 140 км, дунд нь Налайх дүүрэг бий. Өнөөдөр Налайх дүүрэг Улаанбаатар хоорондоо нийлсэн байгаа. Хэрэв Багануурт 200-300 мянган хүнтэй боловсролын хот байгуулбал, Улаанбаатарын суурьшлийн бүс хаяагаа тэлсээр Багануур хүрэх болно. Богд Уулын өвөрт 200 мянган хүнтэй дагуул хот байгуулах “Майдар сити” төсөл хэрэгжихээр боллоо. Урдхан талд нь олон улсын нисэх онгоцны буудал баригдаж байна. Ердөө хэдхэн жилийн дараа Улаанбаатар хот урагш тэлсээр Хөшигтийн хөндий хүрнэ. Ингэхлээр, цаашдаа Эмээлт-Хөшигтийн хөндий-Багануур гэсэн гурвалжинд манай хүн амын 70- 80% нь амьдрах дүр зураг харагдаж байна. Тиймээс энэ шийдвэр гажуудчаад байгаа хэт төвлөрлийг задлах биш, харин улам гааруулах үр дагавартай.
Санаа нь яагаад зөв бэ. Энэ бол 200, 300 мянган хүнтэй боловсролын хот байгуулах, энэ хэмжээгээр төвлөрлийг задлах том боломж юм. Оюутнууд бол боловсрол гэдэг бүтээгдэхүүний худалдан авагчид. Тэд боловсролын хотын оршин тогтнох эдийн засгийн үндэс суурь нь болдог. Тийм учраас Английн Кэмбриж, Оксфорд, АНУ-ын Бостон зэрэг боловсролын хотууд дэлхий даяар олон бий. Манай их, дээд сургуулиуд ямар хэмжээний төвлөрлийг задлаж болох талаар товчхон дурдая. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д сургуульд 140 мянган оюутан, хувийн их, дээд сургууль, коллежид 80-аад мянган оюутан, нийт 220 мянган оюутан суралцаж байна. Тэдгээр оюутнуудад багшилдаг 10-аад мянган багш бий. ШУ-ны хүрээлэнгүүд, судалгааны төвүүд мөн дагаад шилжих боломжтой. Эдгээр байгууллагад нийтдээ 4 мянга гаруй эрдэмтэд, судлаачид ажилладаг. Цаана нь аж ахуй, үйлчилгээний багагүй хэмжээний ажилтанууд нэмэгдэнэ.
Энэ хэмжээний хүн амын шилжилтийг дагаад томоохон зах зээл бий болно. Тээвэр, барилга, орон сууц, цахилгаан, дулаан, худалдаа, үйлдвэрлэл, банк, санхүү, үйлчилгээний салбарууд хөгжиж, маш олон ажлын байр бий болно. Мөн шилжилтийг дагаад дунд сургууль, цэцэрлэг, цагдаа, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний байгууллагуудын бүтэц томорч, орон тоо нэмэгдэн олон ажлын байр бий болно. Ингэхлээр, Монгол улсын хувьд 200, 300 мянган хүн амтай том хот байгуулах эдийн засгийн бодитой потенциал бий болоод ирж байна.
Энэ бол түүхэн боломж. Дахиж 100 жилдээ бидэнд ийм боломж гарахгүй. Энэ боломжийг алдалгүй зөв газраа шинэ хотыг цогцлоох уу, эсвэл Улаанбаатар хотыг улам тэлж, үнэмлэхүй төвлөрлийг гааруулах уу?
Эдийн засагч Г.ЭНХНАСТ