Чуулганы хуралдааны тойм

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааны тойм

ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газраас оруулж ирсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Хууль батлагдсанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргахаар болж баталгаажлаа. Мөн улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хийх хөрөнгө оруулалтын хэмжээг Засгийн газар тогтоох болж байгаагийн зэрэгцээ хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжихээр боллоо.
Эдийн засгийг сэргээхтэй холбоотойгоор батлагдсан хоёр дахь төсөл нь Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл юм. Тодруулбал, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг дээрх хоёр төрлийн татвараас чөлөөлж байна. Ингэхдээ татвараас чөлөөлөх хугацааг 2016 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл хэмээн зааж өгчээ.

Малын индексжүүлсэн даатгалын тухай төслийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Ингэхдээ хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг болон гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Тухайлбал, малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагдах, малыг тухайн мал тоологдсон сумын нутаг дэвсгэрт даатгуулах, малыг төрлөөр нь даатгуулах, малын хорогдлын хувь хэмжээг сумын түвшинд тодорхойлох, даатгалын нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилах зарчмыг баримтлах зэрэг санал дэмжлэг хүлээлээ.

Мөн малын индексжүүлсэн даатгалын сан нь даатгагчдын хамтын эрсдэлийн сан, давхар даатгалын компанийн сан гэх төрөлтэй байх, хамтын эрсдэлийн сан нь давхар даатгалын компанийн дэргэд тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна гэх зэрэг заалттай Хамтын эрсдэлийн сан гэсэн шинэ зүйл нэмэхийг гишүүд дэмжив.

Далай аварга цолыг хасах төслийг дэмжив

Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 60.1 хувь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Төсөлд далай аварга цолыг хасах тухай заалт оруулж өгчээ. Төсөл санаачлагчид энэ тухайгаа  “2003 онд шинээр “далай аварга” цол бий болгосон нь Монгол үндэсний бөхийн хөгжил, өрсөлдөөн өндөр түвшинд хүрч буй өнөө үед уламжлалт “даян аварга”, “дархан аварга” цолонд хүрэх боломжийг хязгаарлаж байна гэж хуульд оруулж буй өөрчлөлтийн үндэслэлийг ийн гаргажээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулахын өмнө Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн гишүүдийн 74.5 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулахдаа аж ахуйн нэгж байгууллага бие даасан байх зарчмын дагуу аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэл нь эзэмшигчийн болон ажилтнуудын хөрөнгө, өр төлбөрийн бүртгэлээс тусгаарлагдсан байна. Тодруулбал, “тасралтгүй байх зарчмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага нь дараагийн 12 сард оршин тогтож, үйл ажиллагаагаа явуулсаар байх боломжтой гэсэн итгэлд тулгуурлан нягтлан бодох бүртгэлийг хөтөлнө”,  “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нь ажил гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр бүртгэж, тайлагнана”,  “Нягтлан бодох бүртгэлийн холбогдох олон улсын стандартад заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага нь ажил гүйлгээгээ гадаад валютаар бүртгэж болох боловч Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 21-ийг баримтлан санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр илэрхийлж, толилуулна” гэж зааж өгчээ.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. Ингэхдээ Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.

Энэ нь 2013 оны улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээлэл юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж