“Энд Д.Эрдэнэцогт хамаагүй. Монгол хүн л гэх ойлголт бий”

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

“Энд Д.Эрдэнэцогт хамаагүй. Монгол хүн л гэх ойлголт бий”

Энэ удаагийн ярилцлагын эзнээр НҮБ-ын Химийн зэвсгийн шинжээч, Нобелийн шагналт багийн гишүүн хурандаа, доктор Д.Эрдэнэцогттой уулзаж ярилцлаа. Нүдээрээ инээмсэглэсэн, эелдэг байдал нь цэргийн хувцастай нь тун сайхан харагдуулж  байсан юм. Ингээд олон зүйл нуршилгүй түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч. Завхан аймгийн Ургамал сумын хүн. 1980-аад онд сургуулиа төгсөөд ОХУ-руу цэргийн сургуульд явж буцаж ирээд армид алба хаасан. Одоо 25 жил армид алба хааж байна даа. 2005 оны зургадугаар сард НҮБ-д шалгалт өгч тэнцээд есөн жил тасралтгүй ажиллалаа.

-Хэзээ Нобелийн шагнал авсан бэ, монгол хүн нобелийн шагнал авчхаад байхад олон нийтэд мэдэгддэггүй хэмээн гайхаж буй байх.

-Хувь надад биш. Байгууллагад өгсөн шагнал гэдгийг эхэнд онцлох шаардлагатай. 2013 оны аравдугаар сард Сирийн улс төрийн асуудал маш хэцүү болж Сири рүү АНУ болон барууны орнууд “Сирид химийн зэвсэг байна, дайралт хийх нь” гээд ОХУ болон барууны орнууд Сирид дайн гаргахгүйн төлөө анхаарч ажилласан юм. Манай байгууллага Сирийн химийн зэвсгийг хяналтандаа авч ажиллахаар болж АНУ Сири рүү дайралт хийхээ больсон юм. Ингээд химийн зэвсгийн шинжээчид Сирид очиж химийн зэвсгийг устгасан. Яг тухайн үед Нобелийн шагнал яригдаж эхэлсэн. 250 гаруй байгууллага хувь хүмүүс өрсөлдсөнөөс нэг байгууллага, нэг хувь хүн үлдсэн. Ингээд хувь хүний шагналыг ОХУ-ын ерөнхийлөгч Путинд өгч, байгууллагын шагналыг НҮБ авсан. Ер нь манай байгууллагын зорилго нь дэлхий дээрх химийн зэвсгүүдийг бүрэн устгах. Дэлхий дээрх химийн зэвсгийн 80 гаруй хувийг бид устгасан. Тиймээс манай байгууллагад Нобелийн энх тайвны шагналыг олгох нь зүйтэй гэж үзсэн юм байна билээ. Уг нь байгууллагын шагнал гэхдээ Сирийн химийн зэвсгийг устгасан учраас багийн гишүүдэд сертификат болон медаль өгсөн юм.

-Урьд нь таны ажиллаж байгаа энэ салбарт өөр Монгол хүн ажиллаж байсан уу?

-НҮБ-ын химийн шинжилгээний байгууллага анх 1997 онд байгуулагдаж ажиллаж эхлэхээс л Монгол шинжээчид ажилласан байдаг. 1997 онд анх генерал Хүрлээ гэж хүн ажиллаж байсан. Ер нь бидэнтэй долоон жилийн гэрээ байгуулж ажилладаг. Түүний гэрээ дуусахад Хурандаа Нармандах ажилласан. Ингээд Хурандаа Нармандахын дараагийн халааг би авсан. Одоо арав дахь жилдээ ажиллаж байна. НҮБ-ийн химийн зэвсгийн шинжээч гэх энэ албанд Монголчууд маань халаагаа алдахгүй ажиллаж байгаа. Монголчууд шиг уг албанд шалгалт өгөн орж, тэнцэж ажиллаж чадахгүй байгаа олон улс орон, олон ч эрдэмтэд бий. Монголчууд харин энэ халааг таслахгүй авч явж, Нобелийн шагналын багт багтаж, энэ шагналыг эх орондоо авчирч чадсандаа би их баяртай байгаа.

-Манай орон шиг дайн тулаангүй тайван улс оронд химийн зэвсэг гэдэг зүйлийг тэр болгон сайн мэдэхгүй шүү дээ. Кинонд л тийм зүйл гардгийг мэднэ. Ямар химийн зэвсгийг устгасан гэж?

-Химийн зэвсэг гэдэг нь хар ухаанаар ойлгоход химийн бодисыг зөөгч хэрэгслийнх нь хамтаар хэлээд байгаа юм. Химийн бодис задрах үед тухайн газраа хордуулдаг. Хороор амьсгалсан хүн нэг минут хүрэхгүй хугацаанд үхдэг, эсвэл маш ихээр тарчилж амь тавьдаг. Үй олноор нь хөнөөх зэвсгийн нэг төрөл. Химийн хорт бодисыг зөөгч хэрэгслийнх нь хамт химийн хорт бодис гэнэ гэж хэлж болно.  Зөөгч хэрэгсэл гэдэг нь пуужин, их буу, танк, нисэх онгоцны бөмбөг юм шүү дээ.

-Дайн болж байсан газар ажиллаж байсан байх нь ээ?

-Сирид иргэний дайн болж байсан учраас, тийм гэх үү дээ. Яг шинжээчдийн хаана ямар зорилготой ажилласан гэдэг нь нууцлалтай байдаг учраас хэвлэл мэдээллээр ярьж болохгүй. Гол төлөв ОХУ, АНУ, Сири, Ливи улсад ажиллаж байсан. 1940-өөд оны үед Японы Квантуны арми гэж байхад манай улсын эсрэг хийсэн зэвсэг ашиглах гэж байгаад хэрэглэж чадалгүй дайнд ялагдсан байдаг. Манжуур, Харбин гэх мэт газруудад элсэнд булагдчихсан химийн зэвсэг байсныг нь хүртэл манай шинжээчдийн баг очиж устгасан. Ер нь их олон газарт очиж ажилладаг. Яг химийн зэвсэгтэй орнууд гэх юм бол дээрх дурдсан дөрвөн орон байдаг. Харин сургалт дадлагаар өөр олон газраар явна шүү. Гэхдээ энэ хоёр дахь асуудал . Хамгийн эхэнд буй асуудал бол химийн зэвсгийг яг гардаж устгах. Бүрэн устгаснаар ажил маань дууслаа гэж тооцогдоно.

-Химийн зэвсгийг устгахад эрсдэл их үү?

-Устгах технологи хэд хэдэн төрөл бий. Сүүлийн үеийн технологи гэвэл саармагжуулах замаар устгах. Химийн бодисыг соруулж аваад өөр химийн бодистой хольж бага хортой буюу хоргүй болгодог. Үлдсэн их биеийг нь 1000 хэмийн пийшинд хийгээд шатаадаг. Мэдээж бүрэн шатаж алга болохгүй. Харин төмрөн дотор, хананд нь наалдсан химийн бодис шатаж ууршиж алга болдог. Тэгээд төмрийн хаягдлыг нь гагнаасаар нь хувааж хаядаг.  Ингэснээр ажил маань бүрэн дуусч байгаа юм. Устгах ажиллагаа үйлдвэрлэл маягаар явагддаг учраас нэг эхэлсэн бол устгаж дуустал ажил дуусахгүй 24 цагаар ажилладаг. Тиймээс бидэнд ажлын цаг, амралтын өдөр гэж байдаггүй. Уг ажилд орсноосоо хойш зургаан жилийн туршид гэрээсээ хол өдөр, шөнөгүй ажилласан. Химийн зэвсгийн шинжээч байна гэдэг мэргэжлээсээ гадна, бие бялдар, сэтгэл зүй, оюун санааны хувьд өндөр шаардлагатай ажил шүү. Уг салбарт, энэ газарт ажиллана гэдэг Монгол хүний тэсвэр хатуужил, чадвар чансааг харуулсан зүйл гэж би ойлгодог. Гэхдээ энд Эрдэнэцогт хамаагүй. Монгол улсын, Монгол хүн л гэсэн ойлголт бий.

-Хэр их химийн зэвсэг устгасан бэ?

-Нэг хоёр гэж тоологдохгүй л дээ. Хэдэн арван мянган тонн. Дэлхийг хэд нугалахаар л тоо яригдана. Хоногт заримдаа 10 бөмбөг устгаж байдаг, заримдаа 1000 бөмбөг ч устгаж байдаг. Тухайн өдрийнхөө нөхцөл байдлаас болоод янз янз.

-Эх орондоо хэр удах вэ. Эсвэл бүр ирсэн юм уу?

-Байгууллагаас 7-8 хоногийн чөлөө өгдөг. Амралтаа авчхаад Монголдоо ирчихсэн сэтгэл их өндөр байна. Эх орон гэдэг зүйл чинь хамгийн үнэтэй зүйл шүү дээ. Долоогоос илүү хоногоор амралт чөлөөт цаг гэж байхгүй шүү. /Инээв/

-Таны ажлыг сонсож байхад нилээд хүнд ажил, хэр баргийн хүн хийгээд байхааргүй. Есөн жилийн туршид энэ ажлыг цаг наргүй хийж байхад мэдээж хүнд үе тохиолдсон болов уу. Хэрвээ хамгийн хүнд үе гэвэл ямар үе байсан бэ?

-Арав дахь жилдээ НҮБ-д ажиллахад учиргүй хүнд үе байгаагүй. Харин Европчуудад их хэцүү байгаа харагддаг. Аливаа химийн зэвсэг хүмүүсээс зайдуу оршдог. Жишээ нь, Энэтхэг улсын Жунгл, Сибирийн ойд хэдэн сараар үүрэг гүйцэтгэнэ гээд төсөөлөөд л үз. 50 градусын халуунд, 50 градусын хүйтэнд үүрэг гүйцэтгэхэд амаргүй. Тухайн үед л эрх чөлөөт орны иргэд, багаасаа эрх чөлөө гэдэг зүйлийг хамгийн сайнаар мэдэрчихсэн, оройдоо паб-д суудаг хүмүүст хүндхэн байгаа нь ажиглагддаг. Монгол хүний аливаа зүйлд дасан зохицох, аливаа зүйлийг гүйцэтгэх чадвар маш сайн юм шиг санагддаг. Хэдийгээр бусад орны шинжээчид амрах гэж явж байхад монгол хүн үлдээд л ажиллаж байх жишээтэй. Хамгийн хүнд үе гэвэл миний хэрэг байгаа үед энд байхгүй байх.  Хадам ах, аав хоёр маань нас барсан үед би томилолттой байсан учраас ирж чадаагүй. /Энэ үгийг хэлээд түүний хоолой зангирч гараараа нүүрээ нуун нулимсаа арчив/

-Таны гэр бүл хаана байдаг вэ?

 –Эндээс явахдаа гэр бүлийнхэнтэйгээ явж хамт амьдрах болсон. Гэр бүлийнхэн маань сайн байгаа. Гэргий маань хүүхдүүд ар гэртээ санаа тавьж хүүхдүүд маань сургуульдаа сурч төгсөөд ажиллаж байна.

-Таны гэр бүлийн хүний хувьд танд гомдоллодоггүй юу. Эмэгтэй хүн ар гэрийнхээ асуудлыг ганцаараа зохицуулаад, нөхөр нь хол удаан явчихаар хэцүү байдаг байх?

-Манай гэр бүлийн хүн гомдоллож байгаагүй. Хаяа эхнэрийгээ явчихаар өөрөө ганцаараа үлдэх хэцүү гэдгийг ойлгодог шүү. Томилолтоор явж ажилласнаас гэртээ ганцаараа үлдэх хэцүү юм байна билээ. Ажил дээрээ бол ажилдаа сатаарч, ажлынхаа хүмүүстэй ярьж хөөрөөд гайгүй. Харин гэртээ ганцаараа байх нь тэрнээс хэцүү шүү

-Та хэчнээн хэлтэй вэ. Таныг олон газар ажиллаж байсан гэхлээр санаанд орлоо л доо?

-НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн хэл байдгаас таван хэлээр нь ярьчихна шүү. Хятад хэлээр жаахан гадарлана. Гэхдээ дажгүй ээ.

-Сурч боловсроход өөртөө хэрхэн цаг гаргадаг вэ?

-Хэлийг бол бие дааж сурсан шүү. Зүгээр байх дургүй. Цаг минут бүрийг л ашиглахыг хичээдэг. Хоёр гар дээрээ суниаж байхдаа ч 1,2,3 гэж суниахгүй шүү дээ. Сурч байгаа хэлээрээ, цээжилсэн үгээ хэлж суниана. Заавал их цаг шаардлагагүй өөрт байгаа цагаа л сайн ашигладаг байх хэрэгтэй. Ганц хэл биш өөрийнхөө очиж ажиллах гэж буй орноо ч судална. Ганц хоёр долоо хоног судалж байгаад очдог. Соёл заншлыг нь мэдэж байх шаардлагатай учраа. Жишээ нь би Арабт оччихоод гахайн мах идэхгүй. Учир нь тэнд байгаа лалын шашинтай хүмүүсийг доромжилсон хэрэг болно. Энэтхэгт оччихоод үхрийн мах идэхгүй. Шүтдэг ариун амьтных нь махыг идвэл энэтхэг хүмүүсийг доромжилж байгаа хэрэг болно. Тийм учраас эргэн тойрноосоо үргэлж сурч, эргэн тойронд байгаа хүмүүсээ хүндэлдэг байх хэрэгтэй л гэж боддог доо.

-Та дахиад хэр удаан НҮБ-д ажиллах вэ?

-Ер нь хуулиар долоон жил ажиллах ёстой байдаг. Гэхдээ миний гэрээ сунгагдсан нь Сиритэй холбоотой. Одоо дахиад сунгагдахгүй байх аа. Гэрээ маань дуусвал Монголдоо л ирж амьдарна даа.

-Та Монголд ирээд юу хийх вэ?

-Армидаа л ажиллах байх.

-Та Монгол залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ?

Монголын залуучууд дэлхий дээрх хамгийн амбицтай залуучууд гэж би боддог. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 200 сургууль бий. Харин эдгээр сургуулиудад сурч байгаа монгол оюутнуудын тоог хоёр сая хүн амтай харьцуулахад дэлхийд нэгт орж байна. Дэлхийн топ таван сургуульд суралцдаг хүмүүсийнхээ тоогоор Монгол тэргүүлдэг. Тэтгэлэгт хөтөлбөрүүдийг бүгдийг нь л монгол оюутнууд л авчихдаг. Монгол залуучууд чадвартай, авъяастай байна шүү. Хэдийгээр Хятад улсыг хурдацтай хөгжиж байна гэх боловч хажууд нь Монгол маш хурдтай хөгжиж байгаа. Монгол залуучууддаа хандаж хэлэхэд дээд зэргээр шургуу хөдөлмөрлөж амбицтай байж, өөрсдийгөө сайн боловсруулаарай л гэж хэлье дээ.

Э.ТЭМЛҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж