Дэлхийн байгаль орчны өдөр өнөөдөр тохиож байна. “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор Монголын их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан суралцагчид “Flash mob” үзүүлбэрээр уралдлаа. БОНХЯ, МОХ хамтран зохион байгуулсан энэхүү уралдаанд МУИС, СУИС, Их засаг их сургууль, “Улаанбаатар эрдэм” Их сургууль, “Улаанбаатар” дээд сургууль, “UB dance” бүжгийн сургуулийн 300 гаруй оюутан, суралцагчид оролцов.
Нэг багийн 50 гаруй гишүүн нэгэн ижил дуу хоолой, нэгэн жигд хөдөлгөөнөөр байгаль орчин тэр дундаа цөлжилтийн эсрэг, ан амьтнаа хамгаалах, мод тарих, хог хаягдалгүй эрүүл, ногоон орчныг бүрдүүлэх, байгаль орчноо сүйтгэгчидтэй хамтаар тэмцэх зэрэг агуулгыг илэрхийлж байсан нь сонирхолтой байв. Ихэнх багуудын уриа ногоон хөгжил бол залуусын ирээдүй гэдэг дээр нэгдэж байв. Тэргүүн байрын эзнээр СУИС-ийн С.Саруултөгс ахлагчтай “Нүүдэлчид” баг шалгарч, МУИС-ийн “N.U.M” баг дэд, “UB dance” бүжгийн сургуулийн “Алиалагчид” баг гутгаар байранд оров.
Мэдээллийн дэмжигчээр ажилласан “UBS” телевизийн “Ногоон ирээдүй” зорилтот шоу нэвтрүүлэг Flash mob үзүүлбэрийг бүрэн эхээр нь олон нийтэд хүргэх юм.
Д.ЦЭЭНЭ