Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Нарендра Модигийн танхим хэнтэй найзалж, хэнтэй дайсагнах вэ?

 

Нарендра Моди. Фото: Prakash Singh / AFP

 

Энэтхэгийн шинэ ерөнхий сайд Нарендра Моди Засгийн газрынхаа бүтцийг зарлав. Гол сайд нар нь жар гарсан хүмүүс бөгөөд тэдний дунд мусульман, христийн эсвэл  шашин шүтдэггүй  хүн байхгүй, бүгд л хатуу прагматик бөгөөд Энэтхэгийг цэцэглүүлж, хүчирхэг гүрэн болгох чиглэлийнхэн байна.

 

Сонгуульд гялалзсан амжилт үзүүлсэн "Бхаратия Жаната парти» (БЖН) намын бүрдүүлсэн шинэ Засгийн газар нь аргагүй анхаарах ёстой зүйлийн нэг. Учир нь Атал Бихари Важпаин толгойлсон  өмнөх барууны танхим  нь Москва, Нью-Дели хооронд стратегийн түншлэлийн тунхагийг 2000 онд байгуулснаас хойш Орос-Энэтхэгийн харилцаа гурав дахь хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулсан ч арваад жил улам сайжирсан юм. Одоо тэдний харилцаа ямар байх вэ гэсэн асуулт бас анхаарал ттатаж байна.

 

Эмэгтэйчүүдийн хатуу гар

 

Энэтхэгийн засгийн газарт Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалах яам, сангийн яамны тэргүүн нар гол албан тушаалууд болж ирсэн уламжлал бий.

 

Моди Гадаад хэргийн яамаа жаран хоёр настай Сушму Сваражид өглөө. Тэрээр Энэтхэгийн түүхэнд уг яамыг толгойлсон хоёр дахь эмэгтэй боллоо. Эхнийх нь Индира Ганди байсан юм. Сайхан зантай эмээгийн төрхтэй Свараж туршлагатай улстөрч. Тэрээр Важпаин  Засгийн газарт сайд хийж, парламентын доод танхимын цөөнхийн лидер байлаа.

 

Сушму Свараж ба Нарендра Моди.Фото: Altaf Qadri / AP

 

Энэтхэгийн дипломат албыг улс төрийн  шалтгаанаар томилж ирсэн уламжлал бий. Улс төрийн  дотоод чиг хандлага өөрчлөгдсөн ч гол ачааг мэргэжлийн дипломатууд үүрдэг юм. Боловсон хүчний энэ зэрэг дэвийн дээд талд нь Сужата Сингх байгаа.  Ийм маягаар Энэтхэгийнгадаад бодлогын оройд хоёр эмэгтэй гарч ирж буй нь Энэтхэгийн түүхэнд байгаагүй хэрэг болов.

 

Энэтхэгийн өмнөх гадаад хэргийн сайд  бөгөөд гурав дахь ерөнхийлөгчийнх нь ач хүү Салман Хуршид хатуу бодлого явуулан Цагаан ордонтой хүртэл визийн асуудлаар муудалцаад авсан. Харин америкийн эсрэг үг яриа гаргаагүй Свараж АНУ-ын Төрийн департаментад тааламжтай түнш болон харагдаж байна. Тиймээс ч Жон Керри  энэ тушаалд томилогдсонд нь баяр хүргэсэн. Хоёр орны стратегийн холбоонд шинэ ахиц гаргахыг Керри санал болгожээ. Тэр нь ойлгомжтой. Вашингтон Энэтхэгийн харилцаанд ахиц гаргах нь Америкийн стратегичдийн айдас болж буй Хятадын эсрэг чиглэх сонирхолд нийцэхгүй яахвэ.

 

Сүүлийн жилүүдэд Төрийн департамент Энэтхэгтэй ч ойр түнш, Пакистантай ч дотно байхыг оролдож ирсэн. Энэтхэгт засаг солигдсон нь Америкт Делитэй харилцаагаа өргөжүүлэх боломжийг олгосон ч нутагтаа оруулахгүй гэсэн хоригт нь нэг биш удаа өртсөн ерөнхий сайд Нарендра Моди үүнийг хүсэх үү гэсэн асуудал гарна.

 

Ерөнхий сайдын шинэ зөвлөх

 

Моди Гадаад хэргийн сайдаа томилсны дараа Энэтхэгийн хэвлэлээр  ерөнхий сайд  гадаад бодлогын зөвлөх гэсэн шинэ орон тоог бий болгож буй мэдээлэл цацагдсан байна. Энэ нь Моди өөрөө гадаад бодлогоо явуулна гэсэн үг болж байна. Зөвлөхийнхөө аппаратыг ашиглан ГХЯ-ны эрх мэдлийг хязгаарлах болно. Ийм маягийн схем нь ГХЯ-ны  гадаад бодлогын чиглэлийн баримтлалыг боловсруулах эрхийг хумих билээ.

 

Хэн тэр тушаалд очих вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Энэтхэгийн хэвлэлээр бол хамгийн өндөр магадлалтай хүн нь СубрахманьямЖайшанкар (Subrahmanyam Jaishankar) байна. Ясны дипломат тэрээр карьераа Москвад эхлээд Хятадын чиглэлээр олон жил ажиллаж, Бээжин суусан Элчин сайд байжээ.  Энэтхэг-Хятадын харилцааг бэхжүүлэх талын хүн ч зарчмын асуудал дээр үндэсний сонирхлыг хатуу барьж иржээ. Түүнийг томилох нь бүхийл фронтоор Хятадтай, Оростой, АНУ-тай, Пакистантай харилцаагаа сайжруулах гэсэн Модигийн гадаад бодлогын ерөнхий хандлагад таарч буй.

 

Батлан хамгаалалтыг санхүүжүүлэгч нам

 

Дараагийн ер бусын алхам нь Батлан хамгаалахын болон Сангийн яамыг нэг хүнээр буюу Аруна Жетли толгойлохоор болов. Улс төрийн дээд оргилд хүрэх чухал шат нь энэ хоёр тушаал болж ирсэн түүхтэй. Өмнөэнэ хоёр сайдын албыг хашиж байсан хүмүүс ирээдүйн боломжит ерөнхий сайд гэж харагдаж иржээ.

 

Арун Жетли. Фото: Prakash Singh / AFP

 

Гэхдээ хоёр яамны өрсөлдөөн болон бусад улс төрийн  тоглоомууд нь Засгийн газрын ажиллагаанд саад учруулж байсан юм. Өмнөх жилүүдэд Батлан хамгаалах яамны авлигын дуулиан донсолгож байв. Техникийн нийлүүлэлт тасалдах нь ердийн хэрэг болсон байжээ. Тухайлбал,  хөрөнгө дутснаас Францын "Рафаль» сөнөөгч онгоцны нийлүүлэлт тасарсан юм. Ийм асуудал дээрх хоёр яамны үйл ажиллагаа хоорондоо уялдаагүйгээс гарч байлаа. Хоёр яамыг нэг гарт атгуулж байгаа нь тэр асуудлуудыг шийдэж, армийг шинээр зэвсэглэхэд туслах ёстой.

 

Тагнуулчид террористуудын эсрэг

 

Дотоод хэргийн яамны сайдаар намын ахмад зүтгэлтэн Ражнат Сингх томилогдов. Важпаин танхимд ажиллаж байсан туршлагатай тэрээр шууд л дотоодын аюулгүй байдлыг бэхжүүлэхийг гол үүргээ гэж харж байна. Хөршүүдтэйгээ хилийн асуудлыг шийдэх нь бас чухал гэдгийг тэр сануулсан. Энэ нь Энэтхэгийн сонирхолд харшлахгүй байх нь мэдээж.

 

Энэ тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн томилгоо их чухал. Энэ тушаалд Ажит Кумар Довал гэсэн тусгай албаны боловсон хүчин, Тагнуулын товчооны дарга асан хүн томилогдлоо. Бараг л домог болсон хүн. Довал  зүүн хойд мужуудад босогчидтай тэмцэж байв. Пенжаб мужид хулгайлагдсан румын дипломатыг ч аварч байлаа. Бүр Хятад, Мьянмад нууц тагнуул хийсэн түүхтэй. Модигийн танхимыг энэ талаас нь харвал төр засгийн эсрэг олон жил партизаны дайн хийж байгаа маоист босогчид болон террористуудтай тэмцэхэд гол анхаарлаа чиглүүлэх бололтой.

 

Прагматикууд засагт

 

Энэтхэгийн шинэ Засгийн газар нь юуны түрүүнд хатуу прагматикууд. Эдгээр хүмүүс улс орныхоо сонирхлыг  үзэл суртлын  элдэв явуулгаар солихгүй. Үүнээс үүдэн Модигийн Засгийн газар нь гадаад түншүүдтэйгээ хэрхэн харьцах нь ойлгомжтой болж байна. Ашигтай байгаа нөхцөлд тэд Оростой нөхөрлөсөн хэвээр байх  бололтой.  Сүүлийн жилүүдэд Энэтхэг өөрөөрөө бахархаж сурсан. Харин мөр алгадан нялганахыг тэвчихгүй. Эрх баригч  шинэ удирдлага нь хүч, засаг, мөнгө гэсэн гурван зүйлийг хүндэтгэдэг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж