УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүд ногоон бүчээр гангарцгаалаа. Учир нь өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр тохиож байгаа бөгөөд хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж буй юм.
Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулсан С.Дэмбэрэл уг өдөртэй холбоотойгоор гишүүдээ лоббидох гэж үзсэн бөгөөд “Ийм өдөр тохиож буй тул ногоон хөгжлийн үзэл баримтлалаа дэмжинэ биз дээ” гэсэн байна.
Гишүүд эхэндээ идэвхитэйгээр ногоон бүчээ зүүж байсан бөгөөд халууцаж залхсан уу, удалгүй тайлж өмнөө тавьцгааж байв. Дашрамд сонирхуулахад, Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассемблейн хурлаас анх 1972 онд жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар болсон бөгөөд энэ жил ч гэсэн нэгдсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй юм.
Б.ШАРХҮҮ