Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг албан тушаалаас нь огцруулах эсэх тухай асуудлыг өнөөдөр УИХ-аар хэлэлцэх ёстой байсан ч тэрээр УИХ-ын даргаас чөлөө авснаар “Хариуцлагаас зугтаагч сайд” нэр зүүхэд хүрээд байна. Чөлөөнийх нь тодорхойлолтыг УИХ-ын дарга “Эмийн чөлөө” авсан хэмээн тодорхойлсон бол Ерөнхий сайдын хэлснээр Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж байх үеэр сайд Н.Батбаярын бие чилээрхжээ.
Хүн л юм хойно өвдсөн байж болно л доо. Гэхдээ огцруулах асуудлыг нь хэлэлцэх үеэр давхацчихаар мууд муухай, муухайд улцан болж харагдаад бүр “Зугтдаг” гэх хоч зүүхэд хүрчээ. Уг нь хариуцлага ярих болоход нь шийр заагаад сууж байсан бол уу. Ядахад, Уул уурхайн сайд хүртэл “Зугтдаг сайд” нэр зүүчихлээ. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны харьяа Эрчим хүч,геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооныхон “Оюутолгой”-н асуудлаар ярилцах саналыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт хоёр жилийн турш тавиад хүчрээгүй аж. “Ажилтай, завгүй” гэсэн шалтгаан л хэлээд явсан.
Ажил, хариуцлага ярих болохоор “зугатдаг” сайдуудтайгаар Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийг яаж эрчимжүүлэх юм бол доо.
Монголчуудаасаа “зугтааж” байгаа сайдууд гадны хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцдог болов уу.
Г.ШАРХҮҮ