“Номин Холдинг” ХХК нь Олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслээр цацагдсан ташаа мэдээллийн талаар албан ёсоор мэдэгдэл хийж байна.
TWITTER-н ARD_100 гэх хуудас нь “Номингийнхон 420 ажилтнаа халлаа” гэсэн худал мэдээг 6-р сарын 03-ны өдөр байрлуулжээ. Энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй, худал бөгөөд байгууллагын нэр хүнд, хэвийн үйл ажиллагаанд халдаж байна. Манай компани 2014 оны эхний хагасын байдлаар 113 ажлын байрыг шинээр бий болгож, нийт 4700 гаруй ажилтан албан хаагчидтай болсон. Цаашид 2014 оны эцэс гэхэд дахин 150 гаруй ажлын байрыг Улаанбаатар хот, өөрийн салбар дэлгүүр ажиллаж байгаа аймаг, орон нутагт бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.
Нийгмийн хариуцлага, ажилтан албан хаагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр, шударгаар биелүүлэн ажиллаж байгаа атал Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал, үндэслэлгүй мэдээ тарааж байгааг эсэргүүцэж байна. Иймд худал мэдээллээ нэн даруй татаж, хариуцлагаа биелүүлэхгүй бол холбогдох хуулийн дагуу зохих шатны байгууллагад хандах болно гэдгээ мэдэгдэж байна.
Борлуулалт Маркетингийн газар,
Эрх зүйн газар