УИХ-ын чуулганы хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгийнхнээс тодорхой асуулт тавьж байсан бөгөөд гишүүн Л.Энх-Амгалан “Хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжих юм байна. Үүнийг хэрэгжүүлэх эх үүсвэрт хэчнээн хөрөнгө шаардлагатай вэ. Хөтөлбөрт тусгасан ногоон ажил эрхлэлтийг дэмжинэ гэдэгт юуг ойлгох вэ. Шведийн загвараар ой, байгалиа зүй зохистой ашиглаж, хамгаалахдаа ажлын байр олноор бий болгох боломжтой адил гэж ойлгож болох уу. Ногоон ажлын байр гэдэгт зөвхөн ойн цэвэрлэгээ хийх юм уу. Ер нь төр маань өөрөө ногоон болох шаардлагатай шүү дээ” гэж асуулаа.
Ажлын хэсгийг төлөөлөн Байгаль орчны сайд С.Оюун хөтөлбөрийн талаар тайлбар хийсэн бөгөөд “Зардал гэхээс илүү бодлогын тухай асуудал байгаа юм. Жишээ нь, хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих зэрэгт Барилга хот байгуулалтын яамны бодлого гаргана гэсэн үг” гэв.
Нэмж тайлбарлавал, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох”, ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор заасныг үндэслэн тогтоолын төслийг боловсруулсан байна. Ногоон хөгжлийн үзэл баримтлалд Уур амьсгалд зохицсон хөгжил, Ногоон эдийн засаг ба санхүүжилт, Ажил, орлоготой ард иргэд бүхий тэгш нийгэм, Соёл ба өв, Тогтвортой хөгжилд хүрэх засаглал гэсэн таван үндсэн чиглэлээр найман зорилго бүхий 39 зорилтыг тусгажээ.
2020 он хүртэл түүнийг хэрэгжүүлэх бодлогын болон үйл ажиллагааны чиглэлийг Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрт тодорхойлсон байна. Энэхүү хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон нүүрстөрөгч багатай хөгжлийн эхлэлийг тавьж, эрчим хүчний хангамжид сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, дотоодын түүхий эд, нөөцийг боловсруулах болон ашигт малтмалын бус эдийн засгийг салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, ус хангамж, ариун цэврийн болон байгальд халгүй, нөөцийн үр ашигтай эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг дэд бүтцийн хангамжид оруулахад ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр байгаль орчинд халтай бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, хэрэглээг бууруулах зорилт, үйл ажиллагаа, зах зээлийн зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн иргэд боловсрол, ур чадвараа дээшлүүлэн амьдралын чанараа сайжруулах ижил тэгш боломжийг бүрдүүлэх, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх салбар дундын уялдаа, зохицуулалтыг сайжруулах засаглалыг бэхжүүлэх, түүх соёлыг хадгалан хамгаалах, байгалийн эмзэг тогтоц, хөдөө аж ахуйн онцгой ач холбогдолтой газар нутгийн хамгаалалт бүхий экологийн цэвэр үйлдвэрлэлийг дэмжсэн ногоон хөгжил бүхий газар, нутгийн хөгжлийг бий болгох бодлогыг мөн хамруулжээ.
Б.МАНД