-Улсын төсвөөр хийж буй бүх барилгын ажил зогсч, компаниуд дампуурах эрсдэлтэй байна гэв-
Барилгын салбарынхан өөрсдөд нь тулгамдсан асуудлын талаар сэтгүүлчдэд хандан өнөөдөр мэдээлэл хийв. Одоо үед бүтээн байгуулалт ид өрнөж байх ёстой атал төсөвт өртөг тооцох асуудлаа шийдэж чадахгүй, салбарт ажиллагсдад дарамт ирэх болж байгаад тэд бухимдалтай байна.
УИХ энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны 30 дугаар тогтоолоор 2012 оны 18, 181 дүгээр тушаалыг хүчингүй болгохыг Засгийн газарт даалгасан байна. Энэ хоёр тушаалыг хүчингүй болгосноор барилгын төсөв, үнэ тооцоо аргачлалгүй болох ажээ. Барилгын төсөвт өртөгтэй холбоотой уг асуудлыг нарийвчлан судалж, үндэслэлгүй шийдсэн энэ заалт нь бүтээн байгуулалтыг гүйцэтгэдэг барилгын салбарын аж ахуйн нэгж хэвийн ажиллахад сөргөөр нөлөөлж, бухимдлыг төрүүлж байгаа ажээ.
2012 оны 18, 181 дүгээр тушаал нь барилгын салбарт үүссэн гажуудал, хуримтлагдсан олон асуудлыг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн шийдвэрлэж, барилгын компанийн тогтвортой ажиллагааг хангасан байсан гэнэ. Тэгвэл уг хоёр тушаалыг хүчингүй болговол тендерээр авсан бүх гэрээний үнэ, барилгын ажлын гүйцэтгэл 30-35 хувиар буурч, улсын төсвөөр хийж буй бүх барилгын ажил зогсч, компаниуд дампуурахыг Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн гүйцэтгэх захирал Г.Батсүх хэлсэн юм. Тиймээс Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын барилгачдын, Барилгын материал үйлдвэрлэгчдийн гэх зэрэг 10 гаруй холбоод нийлж УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд өнөөдөр сонордуулга хүргүүлжээ.
18, 181 дугаар тушаалыг хүчингүй болговол гарах сөрөг нөлөөллийг барилгынхан дараах байдлаар дүгнэж, сонордуулгадаа тусгажээ.
1. Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний төсөвт өртөг, зардлыг ямар норм, дүрмээр тооцох нь тодорхойгүй болно.
2. Төв, орон нутагт зарлагдах бүх тендерийн барилга, байгууламжийн төсөвт өртөг үндэслэлгүй болж, сонгон шалгаруулалтын үнийн талаарх маргаан үүсч, барилга байгууламжийг барьж эхлэх хугацаа хойшлогдоно.
3. Улс, орон нутгийн төсөв, түүнтэй адилтгах хөрөнгөөр баригдаж байгаа бүх барилга байгууламжийн гүйцэтгэл гаргах, санхүүжилт хийх үйл ажиллагаанд саад гарна.
4. Барилгын гүйцэтгэгч байгууллага хэвийн ажиллахаа больж, дампуурах эрсдэлтэй болно.
5. Улс орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, төсөл боловсруулах ажилд хүндрэл учирч, тэдгээрийг бодитой төлөвлөх үндэслэл алдагдана.
6. Барилга, байгууламжийг барихад гардаг зардлуудыг бодитойгоор тооцох боломжгүй болж, барилгын материал, хийц, эдлэл, машин механизмын үнийг зах зээлийн нөхцөлд тохируулан тооцох, хянахад бэрх болно.
7. 2012 онд батлагдсан дээрх нормуудаар баригдсан төсөвт өртөгт үндэслэн гүйцэтгэгч байгууллага, хувийн хөрөнгө оруулагчдад олгосон банкны зээлийн эргэн төлөлт саарч, банк, санхүүгийн байгууллагын хямралд хүргэнэ.
8. Төсвийн болон хөдөлмөр зохицуулалтын жишиг нормуудын нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болговол барилгын үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэхээс татгалзсан хэрэг болно.
9. Ашиглалтад оруулах орон сууцны барилгууд саатаж, иргэдэд орон сууцны 7-8 хувийн зээлийн систем гацаанд орохыг барилгынхан үзэж байна.
Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэв
Ийнхүү барилга, бүтээн байгуулалт гацаж, компаниуд дампуурахад хүргэж болзошгүй энэхүү шийдвэрийг засч залруулахын тулд Барилгын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй аж. Эхний ээлжинд 18, 181 дүгээр тушаалыг хүчингүй болгоход үүсэх дээрх үр дагаврыг бодлого тодорхойлогчид сайтар судлах хэрэгтэйг салбарынхан онцолж байгаа. Түүний дараагаар төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, хөрөнгө оруулалтыг төлөвлөх үед барилга байгууламжид тооцсон материалын үнэ, машин механизмын зардал, валютын ханш өөрчлөгдсөн үед түүнийг төсөвт хэрхэн тооцож, тусгах, санхүүжүүлэх асуудлыг Барилгын тухай хуулинд нэмэлт өөрчлөлтөөр оруулах хэрэгтэй байгааг барилгачид үзэж байна.
У.БОЛОР