Малын эм хууль бус бизнес болжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Малын эм хууль бус бизнес болжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас малын эм нийлүүлдэг байгууллагуудад шалгалт хийхэд ноцтой зөрчил, хууль бус үйлдэл цөөнгүй илэрчээ. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид 52 байгууллагыг шалгахад 70 хувь нь малын эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй, 63 хувь нь үүрэг хариуцлагаа биелүүлдэггүй болохыг тогтоожээ. Мөн шалгалтаар импортын лицензгүй, зөвшөөрөлгүй компаниуд хууль бусаар малын эм хилээр их хэмжээгээр оруулж ирж байсан нь тогтоогджээ. Тодруулбал, “Астра Фарм”, “Төхөм хайрхан”, “NGE”, “Happy animal”, “Лүнфэтэн”, “BAGG”, “Эрдэнэбаяндэлгэрэх”, “ГуоХуа Нэн Юуан”, “Баджо”, “Уянга найман нуур”, “Үржинбадрах”, “Мон-энзим”, “Ханхайрхан-Уул”, “Абудай”, “Амарвет”, “Жи Эф Би”, “Реактив”, “АОЭ”, “Цагаан давс”, “Хашатбүл” зэрэг компани ийнхүү хууль зөрчиж байжээ.

“Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамныхан ажлаа хийхгүй байна”

Ганцхан цуврал эмийг лабораторид шинжлүүлж дүгнэлт гаргуулсан нэрийн дор малын эм, бэлдмэл худалдаалж байгаа нь хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж улсын байцаагчид дүгнэж байна.  Тэр байтугай Малын эмийн салбар зөвлөл шаардлага хангахгүй эм, бэлдмэлийг улсын бүртгэлд бүртгэж байгаа тохиодол ч гарчээ. Мөн аж ахуйн нэгжүүдийн 58.2 хувь нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлтэй ч стандартын шаардлага хангахгүй ажлын байр, агуулахад эмийг хадгалан, борлуулдаг аж.  Угтаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг, үржлийн газар хяналт тавьж ажиллах ёстой ч  энэ чиглэлээр хангалттай хяналт тавьж ажиллаж чадахгүй байгааг МХЕГ-ын зөвлөлийн хурлын үеэр улсын байцаагчид хэлж, шүүмжилж байлаа.

Хугацаа нь дууссан бодисоор шинжилгээ хийж байна

Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори батлагдаагүй арга, аргачлалаар, хугацаа дууссан бодисоор шинжилгээ хийж, эмийн хэмжээг буруу тооцоолж байгааг мөн шалгалтаар тогтоожээ. Энэ бүхэн нь чанаргүй эм, бэлдмэл зах зээлд нийлүүлэх, улмаар хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүйд хүргэж байгааг мэргэжлийнхэн анхааруулж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлийн гишүүд ийнхүү илэрсэн зөрчил, дутагдлыг хэлэлцээд яаралтай арилгаж, арга хэмжээ авах саналыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг, үржлийн газар, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газарт хүргүүлэхээр боллоо.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж