УИХ-ын гишүүд машины зогсоолоо “өмчилжээ”

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд машины зогсоолоо “өмчилжээ”

УИХ-ын гишүүд авто машины зогсоолоо “өмчилж” ажилчдаа гадуурхжээ. Учир нь Төрийн ордны гаднах автомашины зогсоол хүрэлцэхгүй байгаагаас УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх цагаасаа хумсалж зогсоол хайн “жижгэрч”  байгаагаа УИХ-ын даргын зөвлөлд уламжилсан байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн ордны гаднах автомашины зогсоолыг цэгцлэхээр шинэ журам боловсруулж байгаа юм байна. Гишүүдийн гомдлын мөрөөр боловсруулсан энэхүү журамд төрийн түшээдийн машиныгхамгийн түрүүнд ногоон гэрлээр зогсоолтой болгохоор тусгажээ.Үүний дараа газар, хэлтсийн дарга нарт зогсоолын зөвшөөрөл олгох ажээ. Ингэхдээ УИХ-ын гишүүдэд байнгын, яам, агентлагийн газрын ажилчдад түр зөвшөөрөл өгөх юм байна.  Төрийн ордонд 1000 гаруй хүн ажилладаг.Тэгэхээр газар, хэлтсийн даргаас бусад нь автомашинаа хаана тавих вэ гэдэг асуудал урган гарна.Үүнийг албаныхан бодолцож үзээд нийслэлтэй гэрээ байгуулж Сүхбаатарын талбайн урд ажилчдын үнэгүй зогсоол гаргахаар төлөвлөсөн байна. Нэгэнт журмаа боловсруулж байгаа учраас  ажилчдаас автомашины зогсоолын зөвшөөрлийг нь хурааж эхэлсэн гэх мэдээлэл байна.Үүнд ордныхон тун сэтгэл дундуур байгаа аж. “Өмнө нь эв зүйгээ олоод машинаа тавьчихдаг байсан. Одоо заавал албан тушаалаар нь эрэмбэлэх шаардлагатай юм уу” гэж гомдоллох нэгэн ч байна. Ингээд Төрийн ордны баруун жигүүрт УИХ-ын гишүүд, зүүн жигүүрт  газар, хэлтсийн дарга нар, харин Сүхбаатарын талбайн урд энгийн ажилчид нь автомашинаа тавьдаг болох нь.Төрийн түшээдийн автомашиныг тэргүүн эгнээнд зогсоолтой болгох нь зүйтэй ч жирийн ажилчдынхаа эрх ашгийг хөсөрдүүлж болохгүй болов уу. УИХ-ын гишүүний авдаг хэд нь амьдралд хүрэлцэхгүй байна гэхээр түүнээс бага цалинтай төрийн албан хаагчид яах бол гэж асуумаар байна, түшээдээс.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж