Үдээс өмнөх хуралдааны тойм

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Үдээс өмнөх хуралдааны тойм

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан нийт 61 гишүүнтэйгээр  нийт 10 төсөл хэлэлцэх ёстойгоос  үдээс өмнөх хуралдаанаар гурван төслийг хэлэлцлээ.

Ашигт малтмалын хуулийн төслийг эргүүлэн татлаа

Чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг эргүүлэн татав. Засгийн газраас Ашигт малтмалын хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч ажлын хэсэг дээр тодорхой санал гарсан учраас хуулийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан. Энэ хууль гарч ирснээр өмнө нь хүчингүйд тооцсон  тодорхой тооны лицензийг сэргээх боломж бүрдэх юм. Ингэснээр үйл ажиллагаагаа зогсоогоод байсан бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сэргэнэ гэж үзэж байгаа юм. Гэвч энэ хуулийн төслийг эргүүлэн татаж байгаа талаар өнөөдөр Засгийн газраас мэдэгдсэн юм.

Засгийн газар “сайн” ажиллаж байгаа гэж дүгнэв

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг  хэлэлцсэн. Энэ нь 2013 онд Засгийн газраас эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх талаар тусгасан төлөвлөгөөний хэрэгжилт гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, 2013 оны Засгийн газар хэр зэрэг ажилласан бэ гэсэн асуултад хариулт өгөх юм. Засгийн газрын Үндсэн чиглэлийн биелэлтийг 2013 онд 67,1 хувьтай байна гэж тогтоолын төсөлд тусгажээ. Энэхүү биелэлтэд Аудитын ерөнхий газар дүгнэлт хийж, хангалтгүй ажилласан гэсэн дүгнэлт гаргасан байсан. УИХ-ын гишүүдийн зүгээс Засгийн газар муу ажилласан гэсэн шүүмжлэлтэй хандаж байсан юм. Гэвч байнгын хорооноос  Засгийн газарт  зарим арга хэмжээ авах шаардлагатай гэсэн санал оруулж ирснийг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжээгүй юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт арга хэмжээ авахгүйгээр “сайн” ажилласан гэж танхим дахь гишүүд нь үзсэн юм. 

Татваруудаас чөлөөлнө

Өнөөдрийн хуралдааны хэлэлцсэн дараагийн асуудал нь жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх төсөл байсан юм. Засгийн газраас өргөн барьсан энэ төсөл нь жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг 2016 он хүртэл чөлөөлснөөр жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих томоохон дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.  Хуулийн төслийг 2015 оноос хэрэгжүүлэх үү эсвэл батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх гэсэн санал гишүүдийн дунд маргаан дагуулсан. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зайлшгүй тулгардаг энэхүү татваруудаас чөлөөлөх нь нэн шаардлагатай байгаа учраас хуулийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэн. Ингээд хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.  Үүнээс гадна Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.  Энэ хуулийн төсөл нь Монголд хөрөнгө оруулах гэж байгаа  гадаад, дотоодын компаниудын тоног, төхөөрөмжийг Гаалийн татвараас чөлөөлөх хугацааг хоёр жилээр сунгах төсөл юм. Энэ хуулийг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжиж батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн юм.  Ингээд жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийг Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх төслүүд болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлж, Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдахаар болов. Дээрхи төслүүдийг маргааш батлахаар УИХ-д оруулж ирэх үүргийн УИХ-ын дарга Төсвийн байнгын хорооны даргад өгсөн юм.

Үүгээр УИХ-ын үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж