“Д.Ганхуяг сайд зугтаад байна”

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

“Д.Ганхуяг сайд зугтаад байна”

“Оюутолгой” ХХК-ийн удирдлагуудаас халагдах мэдэгдлээ авсан зариммонгол ажилчид Монголын Үйлдвэрчний Эвлэлийн /МҮЭ/Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбоонд ханджээ. “Оюутолгой” ХХК эдийн засгийн хямралаас үүдэн 300 орчим монгол ажилчныг цомхотгохоор мэдэгдэл хүргүүлсэн байна. Өнөөдөр МҮЭ-ийн Эрчим хүч,геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооноос хэвлэлийн хурал зарлаж, Засгийн газрыг ажлаа хийхийг сануулсан шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ. Хэвлэлийн хурлын үеэр Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооны дарга С.Ганболдтой цөөн хором ярилцсанаа хүргэе.

-“Оюутолгой” ХХК дахин ажилчдаа цомхотгохоор мэдэгдэл хүргүүлсэн. МҮЭ-ээс, Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооноос “Оюутолгой” ХХК-тай байгуулсан гэрээ гэж байдаг уу?

-МҮЭ эрх үүрэг, хууль дүрмийнхээ дагуу ажилчин албан хаагчдаа хамгаалах ёстой байдаг. “Оюутолгой” ХХК Монгол Улсын хуулийг үл тоож, дураараа загнаж байгаа энэ байдалд цэг тавих цаг болсон. Өмнө нь ч гэсэн хэд хэдээр нь ажилтнаа халж байсан баримт бидэнд бий. Хэдийгээр өнөөдөр эдийн засаг хүнд байгаа ч үүнийг даван туулах олон гарц байхад заавал ажилтнаа ажлаас халж байгаа нь буруу. Иймээс бид Оюутолгой компанийн удирдлагуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч байна.

Хамгийн гол ньөмнөх сонгуулийн үеэр “Ажилтай, орлоготой монгол хүн” гэж уриа лоозон бариад, урдуур хойгуур гүйгээд байсан одоогийн төрийн эрх баригчид хариуцлагатай ажиллах ёстой. Хүн ардаа ажилгүй, орлогогүй болохоос нь сэргийлж, ямагт анхаарал тавих нь төрийн үүрэг. Төр үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас үүдээд монгол хүн ажилгүй, орлогогүй болж хохироод байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 29-ндМонгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оюутолгой” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн ажилчидЗасгийн газарт хамаагүй мэтээр ярьж, хэлж байна лээ. Монгол Улсын газар нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж, ашиг олж байгаа компани манай улсад яагаад хамаагүй болчихдог юм. Монгол Улсын иргэн ажиллаж, амьдарч, амжиргаагаа залгуулж байхад яагаад Засгийн газарт хамаагүй болчихдог юм. Ёстой ойлгохгүй юм. Орлоготой байхын тулд хүмүүсээ ажилтай байлгах бодлогыг төрөөс баримаар юм. Гэтэл гадны хөрөнгө оруулалттай компаниуд монгол ажилчдыг халж, сольж дураараа аашлах юм байна шүү дээ.

-Эдийн засгийн хямралаас үүдэн уул уурхайн компаниуд ажилчдаа цомхотгож байна. Тэгвэл ажилчдыг цомхотгохгүй байх арга байгаа эсэх талаар Уул уурхай яамтай хэлэлцэж үзэв үү?

-Би Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэдэг хүнтэй уулзах хүсэл удаа дараа тавиад хоёр жил болж байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг зугтаад байна уу эсвэл доор ажиллаж байгаа нарийн бичиг, туслах нь ажлаа хийхгүй байна уу гэдгийг мэдэхгүй байна. Д.Ганхуяг сайд болмогцоо бүх төрийн бус байгууллагын төлөөлөлтэй санал солилцож байсан юм. Тухайн үед маш их баярлаж байлаа. Тэгээд л түүнээс хойш бараа сураггүй болсон. “Давхар дээл”-тэй гэдгийн гай гарч байхгүй юу. Тэнд ч ажилтай, энд ч ажилтай гээд олдохгүй юм.

Манайх ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллагын хувьд, Уул уурхайн яам хариуцдагтөрийн байгууллагын хувьд хоорондоо хэлэлцэх, шийдвэрлэх ажил зөндөө л байх юм. Тэгээд сайд нь “зугтаад” олдохгүй болохоор хэнтэйгээ ч уулзаж, шийдвэр гаргах юм билээ дээ.

-Ажилчдын асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” ХХК-ийн хооронд гэрээ, хэлцэл байдаг юм болов уу?

-Ажилчдыг халах солихтой холбоотой тодорхой нарийн зүйл, заалттай гэрээ байхгүй. Тиймээс л санхүүгийн хямрал нэрийн доор ажилчдаа цомхотгож байна. “Оюутолгой” ХХК-аас халагдах ажилчдаа хөдөлмөрийн гэрээ цуглах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдлийг авсан ажилчид 2014 оны долдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажилгүй болно. Хүн ажилгүй байна гэдэг орлогогүй болно гэсэн. 300 гаруй ажилчны цаана хэдэн хүний амьдрал яригдах уу. Үүнийг л Засгийн газар тоохгүй өнгөрч байна. “Оюутолгой” ХХК-аас халагдаж байгаа хүмүүс гурван сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмж авна гэж байгаа. Нэг сарын сая төгрөгийн цалинтай хүн гурван сая төгрөгийн тэтгэмж авах нь. Гэтэл гурван сарын тэтгэмжээ нэг дор аваад орлогогүй болсноос гурав, дөрөв, магадгүй олон жил ажилтайгаа байсан нь дээр биз дээ. Монголчууд “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэж ярьдаг. Алсаа харсан хөдөлмөрийн бодлого баримтлахгүй бол монгол хүн “боол” болсоор юу ч үгүй хоцрох нь. Үүнийг л МҮЭ эрс эсэргүүцэх болно.

-Засгийн газарт шаардлага хүргүүлнэ гэсэн. Ямар утгатай юм бол? Хэзээ хүргүүлэх вэ?

-Ерөөсөө “Ажилтай, орлоготой монгол хүн” гэдэг амлалтаа биелүүлээч. Монгол хүнийг дураар халдаг, сольдог тогтолцоог арилгаач гэдэг шаардлага хүргүүлнэ.Шаардлагаа тун удахгүй хүргүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ОЙНБИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж