УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тодруулбал, 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэж байгаа аж ахуйн нэгжийн тоног, төхөөрмжийг хоёр жилийн хугацаанд татвараас чөлөөлнө гэсэн үг юм. Өмнө нь Засгийн газар хоёр сарын хугацаанд татвараас чөлөөлдөг байсныг ийнхүү хоёр жил болгон сунгах хүсэлтийг төсөлд тусгасан байна. Хэлэлцэж байгаа төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүмүүст энэ хууль үйлчлэх үү, одоогоор хэдэн компани хөрөнгө оруулалт хийсэн, хийхээр саналаа өгсөн бэ” гэсэн асуултад “Хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст хамаарч болно. Төсөл дээр найруулгын чанартай засвар хийж болно. Одоогоор хөрөнгө оруулалт хийсэн компани байхгүй, харин хөрөнгө оруулалт хийхээр “Энержи Ресус”, “МАК”, “Хангал” гэх мэт компаниуд хөрөнгө оруулахаар саналаа ирүүлээд байгаа” гэлээ.
Хөрөнгө оруулалт хийсэн компани байхгүй байгаа учраас хөрөнгө оруулалт хийх, түүний дотор 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийх бүх компаниудад үйлчилнэ гэж тодотгож өгсөн байгаа гэдгийг Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгийхэн онцолсон юм. Хуулийн төслийн талаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Ингээд хуулийн хэрэгжилтийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэхээр болж Төсвийн байнгын хорооны хуралдаанд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Үүгээр УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөж, 14.00 цагт үргэлжлэхээр боллоо.
Ш.ОЧ