Тэмцлийн хурц хэлбэр сонгоно гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Тэмцлийн хурц хэлбэр сонгоно гэв

Бага оврын микроавтобуснуудыг  хотын төвийн хөдөлгөөнд оролцохыг бүрэн хориглож бусад хэсгээр хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг өнгөрсөн баасан гаригаас хэрэгжүүлж эхэлсэн.  Үүнийг эсэргүүцэж микроавтобусны  жолооч, кондукторууд  өнөөдөр “Саппоро”-гийн өмнөх замыг хааж, 9.30 цагаас суулт хийсэн юм. “Бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. 1990-ээд онд хотын тээвэр хуучин Тээврийн товчнооны байрнаасаа  түрээсээ төлж чадахгүй хөөгдөж байсан. Тэр үед ихэнх автобус хаалгаа барьсан. Яг энэ үед микро автобус шугамд орсноор нийтийн тээврийн ачааг 10 гаруй жил үүрлээ шүү дээ” хэмээн жагсаалд оролцогчид ярьж байлаа. Тэд хөдөлгөөнийг цаг гаруй хугацаанд хаасны дараа тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд  суулт хийж буй иргэдийг хүчээр тараав. Мөн Саппоро орчимд  жагсаал хийсэн байсан микроавтобусны кондуктор  Т.Цолмонгийн нүдийг  цагдаа н.Болорчулуун цохисон гэсэн гомдол сонсогдож байв.

Түүнчлэн III, IV хорооллын эцсийн замд 20-иод микроавтобусыг эгнүүлэн тавьж,  “Өөрсдийн ашгаа нэмэгдүүлэхийн тулд  бага оврын автобусыг шахаж, ажлын байргүй  болгож,байгаатай  нэгдэн тэмцэж, үндсэн хуулиар олгогдсон хувийн өмчөө үнэгүйдүүлэхийн эсрэг нэгдэн тэмцэцгээе” гэсэн уриа лоозон бичсэн байв.   Ингээд тэдний үгийг товчлон хүргэж байна.

Г.Санга: Нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийн тоог л нэмнэ

-Нийслэл хотод 900 гаруй том оврын микроавтобус байдаг.  Эдгээр автобусанд нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж байна.  Бид өнгөрсөн баасан гаригаас хойш хүнгүй шахуу замаар явж, шатахуунаараа хангалттай “шатлаа”.  Дээрх шийдвэрийг гаргасан эрх мэдэлтнүүд сайн тунгааж бодож үзэх хэрэгтэй шүү дээ. Бидний ихэнх нь банкны өр зээлтэй. Тийм ч учраас бор хоногийнхоо хоолыг залгуулахын тулд  үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл зүтгэдэг. Микроавтобус үйлчилгээнд явснаар 7000 гаруй хүн ажлын байртай болоод байгаа шүү дээ. Гэвч өнөөдөр  тэд ажилгүй боллоо.  Ингэснээр нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийн тоог л нэмнэ шүү дээ.

Б.Энхбаяр: Тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно

-Дээрх бусармаг шийд гаргасан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй.  Тэднийг буруу шийдээс болж бид халуун наранд бухимдаж сууна.  Бид төр засагт тодорхой хэмжээний татвар төлдөг болохоос хөнгөлөлт тэтгэмж авч байсан удаагүй.  Замын цагдаа, Авто тээврийн газраас  байнга дарамт ирдэг.  Бид хуучин явж байсан замаараа явмаар байна. Хэрэв энэ асуудлыг эерэгээр шийдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Бага оврын автобусыг хотын төвөөр явуулахгүй болсон. Том оврын автобусны үнийг 500-1000 төгрөг болгож шинэ автобусныхаа үнийг нөхөх юм гэнэ лээ.  Бид 06-24 цаг хүртэл нойр хоолоо хасч ажиллаж байж өдөрт 30-40 мянган төгрөгийн орлоготой байдаг. Дээрх орлогынхоо 8-10 мянгыг нь кондуктортаа өгнө. Бас замын цагдаад торгуулна. Гэвч амьдралаа хэрэндээ л аваад явчихдаг байсан. Гэтэл ийм шийдвэр гаргасан нь үнэхээр бухимдал төрүүлж байна. Хэнээс ч гуйхгүй чадлаараа л мөнгө олох гэж тэмцэж яваа хүмүүс шүү дээ. Бидэнтэй холбогдох албаны хүмүүс ирж уулзана гэдэг 4-5 цаг өнгөрлөө. Гэвч уулзаагүй л бахйна. Хэдэн цагдаа нараа л нохойд барьдаг мод шиг үзэх  юм. Бид хотын тээвэрт өргөдлөө өгсөн. Өргөдлийнхөө хариуг маргааш 09 цагт авна. Нааштай хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.” хэмээн ярьж байв.

Харин яагаад ийн чиглэлийг хязгаарлах болсон талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгээс тодрууллаа.

-Бага оврын автобусныхан жагсаал цуглаан хийж байна. Үнэхээр тэднийг үйлчилгээг хязгаарлах шаардлага байв уу?

-Үнэндээ Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний нэр хүндийг гутааж байгаа зүйл нь бага оврын автобусууд. Эгнээ барих, бусдыг хүндэтгэх тал дээр маруухан микроныхон суусан зорчигчдынхоо зүрхийг хагалах шахан давхидаг. Тиймээс зохицуулалт, зохион байгуулалт шаардсан энэ ажлыг эхлүүллээ.

-Микроавтобусныхан энэ шийдвэрийг эсэргүүцээд байгаа. Судалгаа хийсэн үү?

-Юуны өмнө огт үйлчилгээнд явуулахгүй гэсэн буруу мессэж микроавтобусныхан тараагаад байгаа. Шугамын давхцлыг арилгах, ачаалал бууруулах зорилготой. Бид хэд хэдэн чиглэлээр судалгаа хийж үзсэн.

Үүнд нэгдүгээрт, Энхтайвны өргөн чөлөөний Саппорогийн аюулгүйн тойргоос 32 дугаар байрны уулзвар хооронд 23 чиглэлийн бага багтаамжийн 296 автобус өдөр тутам явж байгаа бөгөөд хязгаарлалт хийснээр чиглэлийн давхцал 57,5 хувиар, автобусны тоо 53,8 хувиар тус тус буурна.

Хоёрдугаарт, Ард Аюуш болон Энэбишийн өргөн чөлөөний III, IV хорооллын эцсээс Эх нялхсын эмнэлгийн баруун урд уулзвар хооронд долооны чиглэлийн бага багтаамжийн 121 автобус өдөр тутам явж байгаа. Хязгаарлалт хийснээр чиглэлийн давхцал 35, автобусны тоо 44,8 хувиар тус тус буурах аж.

Гуравдугаарт, Энхтайвны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хооронд 11 чиглэлийн бага багтаамжийн 212 автобус өдөр тутам явж байгаа. Хязгаарлалт хийснээр чиглэлийн давхцал 42,3, автобусны тоо 35,1 хувиар тус тус буурах юм.

Өөрөөр хэлбэл, Бөмбөгөр худалдааны төвөөр дайран өнгөрдөг ХМК-Баянбүрд, Өнөр хороолол-Сансар-БЗД-ийн 6 хороо, Өндөр дэнж-Бөмбөгөр-Улаанхуаран, ХЦДС-Их засаг ИС-БЗД-ийн 5-р хороо гэсэн чиглэлүүдийн замналыг өөрчилнө. Хойд чиглэлээс бөмбөгөр худалдааны төв ордог бүх чиглэлийг хаана.

Дөрөвдүгээрт, Их тойруу дахь Баруун 4 замын уулзвараас Баянбүрдийн уулзвар хооронд 15 чиглэлийн бага багтаамжийн 182 автобус өдөр тутам явдаг. Хязгаарлалт хийснээр чиглэлийн давхцал 62,5, автобусны тоо 64,0 хувиар тус тус буурна.

Тавдугаарт, Энхтайвны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордонгийн уулзвар хооронд 10 чиглэлийн бага багтаамжийн 214 автобус өдөр тутам үйлчилдгээс хязгаарлалт хийснээр шугамын давхцал 55,5, автобусны тоо 71,8 хувьд хүрч буурна.

Зургадугаарт, Бээжингийн гудамжны МУБИС-ийн уулзвараас Эрхүүгийн гудамжтай огтлолцсон уулзвар хооронд 1 чиглэлийн бага багтаамжийн 8 автобус өдөр тутам явж байгаа. Хязгаарлалт хийснээр чиглэлийн давхцал 25, автобусны тоо 20 хувиар тус тус буурна.

-Стандарт шаардлага гэдэгт юуг хамруулж ойлгох вэ?

-Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан автобусаар хийх ёстой. MNS 4598-2008-ын 6,1,1-д тодорхой заасан.

-Өөрчлөлт хийснээр бусад замын ачаалал нэмэгдэх үү?

-Энхтайвны өргөн чөлөөний Саппорогийн аюулгүйн тойрог, Гэмтлийн эмнэлгийн уулзвар, Эх нялхсын баруун урд уулзвар гээд долоон газар ачаалал ихсэж магадгүй гэсэн тооцоо гарсан гэдээ

Одоогоор Энхтайваны өргөн чөлөөний 25 дугаар эмийн сангийн уулзвараас Офицеруудын ордоны уулзвар хүртэл, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөөний Энхтайвны гүүрнээс төв шуудангийн уулзвар хүртэл, Самбуугийн гудамж, Залчуудын өргөн чөлөө, Баруун дөрвөн замын уулзвараас Баянбүрдийн уулзвар, Саппорогийн аюулгүйн тойргоос 32 дугаар байрны уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэлд, Ард Аюуш, Энэбишийн өргөн чөлөөний III, IV хорооллын эцсийн буудлын уулзвараас Эх нялхсын эмнэлгийн баруун уулзвар хүртэлх замуудад микроавтобус явуулахыг хориглоод байна.

Мөн Шаргаморьт-МУБИС-ХӨСҮТ, М:39 буюу “Чингис Соосэ-Бөмбөгөр-Ар согоот” гэсэн чиглэлээр үндсэн шугам нээсэн. Харин М:30 буюу Вокзал-7 буудал чиглэлийг Япон цэргийн цогцолбор хүртэл замыг дөрвөн км сунгасантай холбогдуулан ТШ:11 Салхит-Бөмбөгөр, ТШ:23 Амгалан вокзал Баянбүрдийн тойрог чиглэлийн шугамыг хаасан байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж