МТШХХГ-ыг төсвөө үр дүнгүй зарцуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

МТШХХГ-ыг төсвөө үр дүнгүй зарцуулсан гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд өнөөдөр Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа, Холбооны Газар /МТШХХГ/-ын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. УИХ-аас өгсөн чиглэлээр тус газрын дарга Ц.Жадамбаа Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар шатанд яваа талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийх ёстой байсан ч энэ тухай тайлагнасангүй, байгууллагынхаа ажлыг танилцуулсан нь шүүмжлэл хүлээлээ. Ямартай ч төрийн зарим үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй ТҮЦ машин байршуулсан юм байна. Иргэд тэрхүү машинаас хорооны тодорхойлолтоос эхлээд цагдаагийн тодорхойлолт зэрэг хэд, хэдэн төрлийн лавлагааг авах бололцоо бүрдсэнээр Улсын бүртгэлийн ерөнхий газар болон түүний харьяа газар хэлтсүүдийн ажлын ачааллыг багасгасан. Иргэд мөн цаг заваа хэмнэж байгаа аж. ТҮЦ машины нэг бүрийн үнэ 11 сая төгрөг юм байна. Мөн “Ухаалаг шуудан” төслийг хэрэгжүүлж буй аж.

Дээрх мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүн Р.Бурмаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хүрээнд Ерөнхий сайдын багцад найман тэрбум төгрөг суулгаж, түүгээр тодорхой ажлууд хийсэн гэж байгаа ч тэр нь үр дүн муутай байна гэж дүгнэлээ. Тухайлбал, өргөдөл гомдлын ухаалаг системийг улсын хэмжээнд нэвтрүүлнэ гэж үзэн 2 тэрбум төгрөгийг зарцуулсан юм байна. Энэ хүрээнд ямар ажил хийсэн тухай лавлахад МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа ТҮЦ машины тухай ярьж, ингэхдээ Төрийн ордны баруун хаалганы дэргэд уг машиныг байршуулсан, түүнд өргөдөл бичиж болно, түүнийгээ скайнердах бололцоо ч бий хэмээн хариулсан юм. Мөн тус газрын холбогдох албан тушаалтан Засгийн газрын харьяа 11-11 төв ажиллаж, иргэдийн санал гомдлыг хүлээн авч холбогдох газар луу илгээж байгаа тухай хэлсэнд Р.Бурмаа гишүүн бухимдаж, “Өргөдөл гомдлын ухаалаг систем чинь энэ юм уу. Ажилладаг, ажилладаггүй хэдэн ТҮЦ машин энд тэнд байршуулчихаад, түүнээс иргэд үйлчилгээ авахаар хандахад заримдаа ажиллахгүй, хэдэн өдрөөр лавлагаа авч чадахгүй бухимдаж байна. Ирэх долдугаар сарын 1-нээс 25 төрлийн төрийн үйлчилгээг иргэд цахимаар авдаг болох ёстой. Гэтэл ажил нь хангалтгүй байна. Ийм учраас 8 тэрбум төгрөгөөр юу хийсэн, ямар үйлчилгээ нэвтрүүлснийг нь шалгах шаардлагатай. Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан байх магадлал өндөр байна гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Су.Батболд “Өндөр настнууд ТҮЦ машин дээр очоод өргөдөл бичих нь байтугай яаж скайнердахыг ч мэдэхгүй. Ийм үйлчилгээг нэвтрүүлснийгээ төрийн үйлчилгээ ухаалаг боллоо гэж бодож байгаа бол том эндүүрэл болно. Үүнийхээ оронд сум бүр лүү өндөр өртөгтэй татсан шилэн кабелуудыг төрийн байгууллагууд руу хэрхэн хүргэж, ашиглах вэ гэдгийг МТШХХГ бодож олох ёстой. Энэ тухай асуудлыг тус газарт тавихаар сумууд өөрсдийнхөө хөрөнгөөр хийх ёстой гэж хариулдаг. Гэвч сум бүр 30-40 сая төгрөг гаргах бололцоогүй, харин МТШХХГ-ын хувьд бололцоо бий. Энэ чиглэлээр ажлаа эрчимжүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн юм. Эцэст нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээр дурдсан зарим ажлуудыг ажил хэрэг болгох талд үүрэг авч ажиллах чигийг өгөхөөр болов.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж