Прокопи гурван сар хорих ял сонсчээ

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Прокопи гурван сар хорих ял сонсчээ

Тираннозавр “Батаар”-ын араг ясыг хууль бусаар Монголын хил давуулан гаргаж, дуудлагаар худалдан ашиг олсон үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопид Америкийн шүүхээс гурван сар шоронд хорих ял, 100 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл оноожээ. Эрик Прокопиг энэ хэрэгт дээд тал нь 17 жил шоронд хорих ял сонсож магадгүй гэлцэж байсан ч прокурорууд түүнийг мөрдөн шалгах явцад идэвхитэй хамтарч ажилласан гэх үндэслэлээр өмөөрч, ялыг нь хөнгөрүүлсэн байна. Тэрээр 18 ширхэг динозаврын бүрэн араг ясны байршлыг тодруулж өгснөөр Монголд анхны үлэг гүрвэлийн музей байгуулж болох хэмжээний үнэтэй мэдээлэл өгсөнд тооцогджээ. Эрик Прокопи нь 70 сая жилийн настай Тираннозавр “Батаар”-аар зогсохгүй зургаан өөр үлэг гүрвэлийн араг яс болон бусад олдворыг хулгайгаар хил нэвтрүүлж, наймаалцсан хэрэгт гар бие оролцсоноо хүлээн зөвшөөрсөн юм. Мягмар гаригт /VI.3/ болсон шүүх хурлын үеэр Эрик Прокопи 2010-2012 оны хооронд Монголын Говиос олдсон үлэг гүрвэлийн араг яснуудыг хуурамч бичиг баримт ашиглан хил давуулж байснаа хүлээжээ.

 

Тираннозавр “Батаар”-ын араг ясыг АНУ-ын Даллас хотод төвтэй үнэт өвийн дуудлага худалдаагаар 1.05 сая ам.доллараар худалдсаны дараа АНУ-ын Засгийн газраас хураан авч, Монголын талд буцаан өгсөн билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж