Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгч А.Мөрөн Тайландын хоёрдугаар дивизионы “Сатун Юнайтед” багт зээлээр тоглохоор боллоо. А.Мөрөн одоогоор “Краби ФЦ” багтайгаа хамт бэлтгэлээ базааж байна. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн Тайландын нэгдүгээр дивизионд ердөө хоёр тоглолт хийсэн юм. Тиймээс багийн удирдлагууд А.Мөрөнг лигийн хоёрдугаар хагас эхлэхээр “Сатун Юнайтед” баг руу зээлээр явуулахаар болжээ.
А.Мөрөнгийн менежер япон мэргэжилтэн Такаши Моримото “Дасгалжуулагч нь А.Мөрөнд итгэл хүлээлгэхгүй байна. Тиймээс түүнд өөрийгөө харуулах боломж олдсонгүй. Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгч А.Мөрөн өөр баг руу шилжиж, илүү удаан хугацааг талбайд өнгөрүүлж, олон гоол оруулах боломжтой. Ингэж чадвал өөр олон багийн хараанд өртөх боломжтой” гэж ярьжээ.
Тайландын хөлбөмбөгийн хоёрдугаар лиг Хойд, Бангкок орчим, Төв дорнод, Төв өрнөд, Умард өрнөд, Зүүн гэсэн зургаан бүсээс бүрддэг. Бүс бүрт 13-14 багт тоглодог. А.Мөрөнгийн очих “Сатун Юнайтед” зүүн бүст хамаардаг. Тайландын хоёрдугаар лигийн зүүн бүс 13 багтай. “Сатун Юнайтед” одоогоор 13 тоглолтод ес хожиж, дөрөв тэнцсэн амжилттайгаар зүүн бүсээ тэргүүлж байна.
Б.БИЛЭГ