УИХ-ын гишүүн М.Зоригт төрийн ордны ажилдаа тун дургүй болж гэнэ. Учир нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Ш.Түвдэндоржийг томилох хуралд түүнийг урьсан боловч эл хурлыг эсэргүүцэж байгаагаа М.Зоригт гишүүн өөрийн твиттер хуудастаа илэрхийлжээ. Тэрээр "Маргааш /өнөөдөр/ бас нэгэн давхар дээлтэн төрүүлэх байнгын хорооны хуралд дуудаад байх. Дэндүү урамгүй юм. Ордонд очих дур хүсэл огт алга" гэж жиргэжээ.
М.Зоригт гишүүний хувьд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний үүргийг давхар хаших асуудлыг эсэргүүцэгчдийн нэг. Тиймээс ч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга "давхар дээл"-ээ тайлж, сайдын ажлаа өгсөн байхад дараагийн сайд нь "давхар дээл"-тэй байна гэдгийг эсэргүүцэж байгаагаа ийн цахим ертөнцөд илэрхийлжээ. Энэ мэт Ш.Түвдэндоржийг "давхар дээл"-тэй болгох хүсэлгүй гишүүд АН дотор олон байгаа учраас АН-ынхан дотроо үл ойлголцоход хүрээд байгаа бололтой. Тийм ч болохоор ҮХАА-н сайдад нэр дэвшүүлэх хүний нэрийг одоо болтол УИХ-д өргөн мэдүүлээгүй, энэ яам эзэнгүй нилээд хэд хоночихлоо.
Ш.ОЧ