Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм хөлбөмбөгийн ногоон дэвжээнээ эргэн ирж, тоглох бодолтой байгаа гэнэ. Өдгөө 39 настай хөлбөмбөгийн од Бекхэм өнгөрсөн 2013 оны тавдугаар сард Францын “Пари Сейнт Жермен” багт тоглож байхдаа зодог тайлсан юм. Бекхэм АНУ-ын сагсан бөмбөгийн од “Хаан” ЛеБрон Жэймстэй хамтран Майами хотноо хөлбөмбөгийн баг байгуулсан юм. Тус багдаа Бекхэм хүчин зүтгэх бодолтой байгаа гэнэ. Тэрээр Их Британийн ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа:
-Би сагсан бөмбөг, бусад спортын төрлийн тэмцээн уралдаан үзэж байхдаа маш их гэгэлздэг. Тэгээд талбайдаа эргэн ирж, дахин хөлбөмбөгөө тоглодог ч юм билүү гэж боддог үе бий. Сүүлийн үед “Дахин тоглодог юм бил үү?, Эргэн талбайдаа гарахад бэлэн болов уу? Зодог тайлсныхаа дараа эргэн талбайд гарах ямар байдаг бол” гэхчлэн өөрөөсөө байнга асуудаг болсон гэжээ.
Бекхэм хөлбөмбөгийн карьераа Английн “Манчестер Юнайтед”, Испанийн эзэн хааны “Реал Мадрид”, АНУ-ын “Лос Анжелес Галакси”, Италийн “АС Милан”, Францын “ПСЖ” багуудад өнгөрөөсөн. Түүн шиг дөрвөн өөр лигийн түрүү хүртсэн хөлбөмбөгч үгүй. Тэрээр Английн шигшээ багтаа 115 удаа тоглосон юм.
Б.БИЛЭГ