НҮБ далайд гарцгүй орнуудын асуудлыг Монголд хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

НҮБ далайд гарцгүй орнуудын асуудлыг Монголд хэлэлцлээ

-Далайд гарцгүй орнуудад дэлхийн худалдааны эргэлтэд оролцоход бусад орнуудынхаас хоёр дахин урт хугацаа, хоёр дахин өндөр зардал шаардагдаж байна. Ийм орнуудын хувьд энэ бэрхшээлээ олон улсын механизмын хүчээр шийдвэрлэх, даван туулахаас өөр аргагүй юм-

НҮБ-тай хамтран Монгол Улсын Гадаад харилцааны яам “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Судалгаанаас харахад далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд дэлхийн нийт худалдааны дөнгөж 1,1 хувийг эзэлдэг бол эдгээр орны эдийн засгийн өсөлт 2010 онд 6,7 хувь байсан бол 2011 онд 5,9 хувь болж буурчээ. Мөн далайд гарцгүй 19 оронд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1000 ам.доллараас бага байгаа юм. Монгол Улсын хувьд далайд гарцгүй орнуудад тулгарч байгаа энэхүү нийтлэг хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг олон улсын анхааралд хүргэх, байр сууриа хамтран тодорхойлох, түүнийгээ баталгаажуулах шаардлагатай гэж үзэж, санаачилгыг манлайлан ажилласаар ирсэн юм. Энэхүү санаачилгын хүрээнд 2009 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Монголдоо байгуулах шавыг тавьсан бол энэ удаад дээрх хурлыг эх орондоо зохион байгуулсан юм.

Монгол Улс энэ асуудлаар яагаад ийм шаргуу ажиллаж байгаагийн шалтгааныг Гадаад харилцааны сайд Л.Болд тайлбарлахдаа  “Далайд гарцгүй орнуудад дэлхийн худалдааны эргэлтэд оролцоход бусад орнуудынхаас хоёр дахин урт хугацаа, хоёр дахин өндөр зардал шаардагдаж байна. Ийм орнуудын хувьд энэ бэрхшээлээ олон улсын механизмын хүчээр шийдвэрлэх, даван туулахаас өөр аргагүй юм” гэж хэллээ.

Хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн бүлгийн дээд комиссар Гиан Чандра Ачария болон тус бүлгийн дарга Замби улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Роберт Сичинга нар оролцлоо. Түүнчлэн тус бүлгийн 32 улс, донор болон транзит улс, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид гээд нийт 100 гаруй хүн тус хуралд оролцон Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр далайд гарцгүй орнуудад олгож буй нөхцөл, давуу тал юу болох, тэдгээрийг хэрхэн үр ашиг, боломж болгох талаар ярилцан санаа бодлоо солилцсоноос гадна  цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах тодорхой мэдлэг, ойлголттой болсон нь нэг үр дүн байлаа. Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг тус байгууллагын гишүүн орнууд бүгд хүлээн зөвшөөрөөд байгаа ч гишүүн орнуудын 2/3 нь өөрсдийн хууль тогтоомжийн хүрээнд баталсан тохиолдолд хүчин төгөлдөр мөрдөгдөх эрх зүйн баримт бичиг юм.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь далайд гарцгүй орнуудад ямар боломж, нөлөөлөл үзүүлэхийг хурлын үеэр голлон ярилцсанаас гадна Монгол Улс дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, хийж буй судалгааны дүнг танилцуулах, худалдааг хөнгөвчлөх болон дамжин өнгөрөх тээврээс үүдэн гардаг хүндрэл бэрхшээлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын байр суурийг сонсох зэргээр дараагийн судалгааны ажлын суурь материалыг бүрдүүлэхэд ач холбогдолтой боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэсэн юм.

НҮБ-ын гишүүн зургаан улс тутмын нэг нь зах зээлээс алслагдсан, олон улсын худалдаанд оролцох нөхцөл бололцоо хязгаарлагдмал, далайд гарцгүй орон байдаг. Тэдний хувьд хамтарч асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзсээр ирсний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Монгол Улс уг асуудлаар санаачилга, манлайлал гарган ажиллаж байгаа юм. Энэ санаачилгын үр дүнд НҮБ-ын дэргэд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын /ДГХБО/ албан ёсны бүлэг байгуулагдаад зогсохгүй НҮБ-ын нарийн бичгийн даргын газарт уг бүлгийн орнуудын хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах Дээд төлөөлөгчийн алба бий болсон юм. Тийм ч учраас Монгол Улсын санаачилга, идэвхтэй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа ноён Г.Чандра илэрхийллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч тэрээр  НҮБ, Монголын хамтын ажиллагаа өндөр төвшинд амжилттай хөгжиж, Монгол Улсын нэр хүнд өсч байгаад Гадаад харилцааны яамны бодлого, үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж байв.

Харин Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ Монгол Улсын 2006 онд анх дэвшүүлсэн санаачлага өдгөө биеллээ олж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үр өгөөжөө үзүүлж эхэлж байгаад баяртай буйгаа илэрхийлээд энэхүү удаагийн хурал нь НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн байр суурийг бататгах, 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтод тусгагдах асуудлыг тодорхойлоход хувь нэмэр оруулах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг танилцуулах зэрэг  ач холбогдолтой болж өндөрлөснийг онцолсон юм.  

А.АМАРЛИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж