Гадаад харилцааны яам, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн алба хамтран зохион байгуулсан “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын хурал 2014 оны 6 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.
Тус олон улсын хурал нь 2014 оны 11 дүгээр сард болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын 2 дахь бага хурлын бэлтгэл ажлыг хангахад ихээхэн түлхэц үзүүлэх бодлогын зөвлөмж гаргах гол зорилготой юм.
2013 оны 12 дугаар сард Балид болсон ДХБ-ын сайд нарын 9 дүгээр бага хурлаас хойш худалдааг хөнгөвчлөх чиглэлээр зохион байгуулагдаж буй анхны томоохон хурал уг хурал нь ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээс ДГХБО-д олгогдож буй нөхцөл, давуу талыг үр дүнтэй ашиглах боломжийг бий болгоход чиглэсэн бөшөөд ДГХБО-дын асуудлаарх НҮБ-ын II Бага хурлын бэлтгэл хуралдаануудын нэг гэдгээрээ онцлог юм.
Уг хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид, ДГХБО-уудын бүлгийн 32 улс, донор болон тразит улс, олон улсын байгууллагуудыг төлөөлж 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ч.Ачариа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Бүгд Найрамдах Замби Улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн бүлгийн дарга Роберт Сичинга нар нээж үг хэлэв.
Сайд Л.Болд хэлсэн үгэндээ Монгол Улсын 2006 онд анх дэвшүүлсэн санаачлага өдгөө биеллээ олж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үр өгөөжөө үзүүлж эхэлж байгаад баяртай буйгаа илэрхийлээд энэхүү хурал нь ДГХБО-дын бүлгийн байр суурийг бататгах, 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтод тусгагдах ДГХБО-ын асуудлыг тодорхойлоход хувь нэмэр оруулах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг танилцуулах зэрэг ач холбогдолтой болохыг онцлов.
Тус хурлаар ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх гэрээ болон түүний ДГХБО-дад үзүүлж буй нөлөөг үнэлэн дүгнэсэн бөгөөд ДГХБО-ын худалдааг хөнгөвчлөх талаарх улс орны болон бүлгийн байр суурийг тодорхойлон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах тодорхой мэдлэг, ойлголттой болсноос гадна Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээс гарах үүрэг амлалт, түүний дотор санхүүжилт, чадавхи бэхжүүлэх, техник туслалцаа үзүүлэх талаарх үүрэг амлалтыг хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэв.
Мөн хурлын төлөөлөгчид “ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: ДГХБО-дад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт судалгааны дүнг хэлэлцэхийн зэрэгцээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй хөгжлийн сорилт, Олон улсын худалдаанд эдгээр орны оруулж буй хувь нэмэр, Дамжин өнгөрөх тээврийн хууль эрх зүйн асуудлыг хэлэлцэв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад байгуулагдаж буй анхны олон улсын байгууллага болох ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг олон улсад танилцуулах, түүний хийж буй судалгааны дүнг танилцуулахын сацуу худалдааг хөнгөвчлөх болон дамжин өнгөрөх тээврээс үүдэн гардаг хүндрэл бэрхшээлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын байр суурийг сонсох зэргээр дараагийн судалгааны ажлын суурь материалыг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой боллоо, хэмээн зохион байгуулагчид дүгнэв.
Хоёр өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо чуулсан тус турлыг хааж Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ энэхүү арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулсан, идэвхитэй оролцсон НҮБ болон бусад олон улсын байгууллагууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд, дамжин өнгөрөх улс орнуудын төлөөлөл, түнш нарт талархалаа илэрхийлээд далайд гарцгүй хөгжиж буй орнууд тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтөө дараагийн 10 жилд бэхжүүлэх үүднээс дуу хоолойгоо нэгтэх зайлшгүй шаардлага буйг онцлон тэмдэглэв. Худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтэц, байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, олон улсын болон бүс нутгийн интеграцчилал зэрэг бусад чухал асуудлууд 2014 оны 11 дүгээр сард болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын 2-р бага хурал болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудад өөрийн тусгалаа олно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Г.Ч.Ачариа айлчлалынхаа хүрээнд тус олон улсын хуралд оролцохын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзаж хамтын ажиллагааны талаар санал солицон, шинээр байгуулагдаж буй олон улсын байгуулага болох ДГХБО-дын ОУСТ-д зочилсон юм. НҮБ-ын ДГХБО-дын бүлгийн дарга, Замбийн хуралдааны сайд Р.Сичинга Гадаад харилцааны сайд Л.Болд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдтай мөн уулзав.
Эх сурвалж: www.mfa.gov.mn