Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 286,6 мянган га-д үр тариа, 10.0 мянган га-д төмс, 5.5 мянган га-д хүнсний ногоо, 65.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 370.9 мянган га-д тариалалт хийгээд байна. Хувь хэмжээгээр нь авч үзвэл, үр тарианы тариалалт 90.7 хувь, хүнсний ногоо 66.1 хувь, төмс 65.1 хувьтай байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. Тариалалтад зориулан 724 аж ахуйн нэгж, иргэнд 2.71 мянган тонн шатахуун, 290 аж ахуйн нэгж, иргэнд 9,2 мянган тонн улаанбуудайн үр, 306 аж ахуйн нэгж, иргэнд 124.42 тонн ургамал хамгааллын бодисыг тус тус хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ хийж зээлээр олгожээ.
Энэ жилийн тариалалтын хувьд онцлогтой. 2008 онд Атрын III аяныг эхлүүлж байхад үрийн шинэчлэлийг хийсэн бол түүнээс хойш энэ асуудлыг анхаараагүй өдийг хүрчээ. Тиймээс энэ жил үрийн шинэчлэл хийж, хойд хөршөөс үр импортолсон бөгөөд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан худалдах импортын үрийн буудайн үнийг 830-880 мянган төгрөг, дотоодын үрийн үнийг 680 мянган төгрөгөөр тогтоосон юм. Тариаланчдад шаардлагатай үр, шатахуун, ургамал хамгааллын бодисыг урьдчилгаа төлбөртэйгээр олгосон. Тодруулбал, үр худалдан авах нийт төлбөрийн 20 хувь, шатахууныг 50 хувь, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар тус тус зээлээр олгожээ. Тариаланчид үлдсэн төлбөрийг намрын ургацаас эргэн төлөх юм.
Улсын нийт хүнсний ногооны хэрэглээний 50 хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ аймагт тариалалт ямархуу байгааг тус аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүүгээс тодрууллаа.
-Сэлэнгэ аймагт тариалалтын явц ямар байна вэ?
-Одоогоор тариалалтын явцад ямарваа саад, бэрхшээл гараагүй, хэвийн үргэлжилж байна. Энэ жил нийт 154 мянган га талбайд үр тариа, тосны ургамал тариалахаас 126 мянган га талбайд улаан буудай, 27 орчим мянган га талбайд тосны ургамал, үлдсэнд тэжээл тарьж байгаа. Тариалалт ерөнхийдөө дуусч байна. Харин төмс 4100 га талбайд тариалахаас одоогоор 2900 га-д, хүнсний ногоо 2000 орчим га-д тариалахаас 80 хувийн гүйцэтгэлтэй. Энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл байдлаас болж урьд жилүүдийнхтэй харьцуулахад хүнсний ногооны тариалалт бага зэрэг хожимдсон тал бий. Учир нь манай нутагт 8-9 хоног үргэлжилсэн бороо орсон. Гэсэн ч төлөвлөгөөндөө хүрч ажиллахаар чармайж байна.
-Энэ жил үрийн шинэчлэл хийсэн. Үрийн хангамж ямархуу байна бэ?
-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас болон аж ахуйн нэгжүүд өөрт нөөцөлсөн байсан үрээ тариалалтад авч ашигласан. Энэ жил 20500 тонн үр тариалсан. Ер нь улаанбуудайн үр дутах хандлагатай ч боломжоороо тариалалтаа хийж дуусч байна.
У.БОЛОР