УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг бие даагчидтай нийлж “Элсний 13” бүлэгт нэгдсэн тухай мэдээлэл өнөөдөр “сенсааци” тариад байна. Гэхдээ эл мэдээллийг эх сурвалж үгүйсгэлээ.
Г.Баярсайхан гишүүний хувьд “Элсний 13” бүлэгт орох бодол угаасаа байхгүй аж. Харин ийм “сенсааци” дэгдсэн нь Ардчилсан намыг дотроос нь хагаралдуулах эсвэл “Элсний 13”-ынхан нэр хүндээ өсгөхийн тулд эрх баригч хүчний зарим гишүүн нэгдэх саналаа илэрхийлсэн гэх мэт ойлголтыг нийгэмд төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй аж.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог удирддаг тэрээр Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Шонхор” фракцид харьяалагддаг юм.
Харин “Элсний 13” бүлэгт бие даагчид болох УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нараас гадна УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү нар нэгдэхээр яриа хийсэн гэх мэдээлэл байна.
Г.ДАРЬ