Ц.Баярсайхан: Өгсөн удирдамжийг ягштал биелүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Ц.Баярсайхан: Өгсөн удирдамжийг ягштал биелүүлнэ

Монгол улсад анх удаагаа Азийн залуучуудын чөлөөт бөхийн эрэгтэй ХҮI, эмэгтэй ХI, сонгомол барилдааны ХҮ дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 5-8-нд “Буянт Ухаа” спорт цогцолборт явагдана.

 

Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох чөлөөт бөхийн эмэгтэй багийг хариуцаж байгаа “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайхантай бэлтгэлийн үеэр цөөн хором ярилцлаа.

-Гурван Баярсайхан хэр гар нийлэмжтэй ажиллаж байна даа. Танай багийнхан адилхан нэртэй гурван багшаа яаж ялган дууддаг бэ?

-Нэгдмэл зорилгын төлөө хамтдаа зүтгэж байна. Миний хувьд гар нийлж байна, гэхдээ надтай гар нийлж байгаа эсэхийг нь миний хоёр аминдаагаас асуу. Хүүхдүүд маань бид гуравт Цэндийн, Цэрэндалайн, Мягмарсүрэнгийн гээд овгоор нь голдуу хэлж ханддаг даа.

-Энэ удаагийн эмэгтэй баг их хүчтэй баг шиг санагдаж байна…

-Тэгж хэлж болно, манай багт саяхан өндөрлөсөн насанд хүрэгчдийн УАШТ-нд түрүүлсэн А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Нямгэрэл нарын улсын аваргууд байна. С.Цэрэнчимэд залуучуудын дэлхийн аварга, энэ жил цолоо хамгаалахаар барилдана. Бусад бүсгүйчүүд маань ч шаггүй, бүгдээрээ л медалийн төлөө барилдах ур чадвартай. Өнөө маргаашгүй МЧБХ, Спортын бэлтгэлийн төвөөс удирдамж өгөх байх, өгсөн удирдамжийг нь ягштал биелүүлнэ.

-Бусад орны өрсөлдөх бөхчүүдийн хувьд…

-Азийн эмэгтэй бөхчүүд эдүгээ дэлхийд ноёрхож байна. Тийм болохоор өрсөлдөөн хурц байх нь мэдээж хэрэг. Япон, Солонгосын бүсгүйчүүд хар багаасаа чөлөөт бөхөөр хичээллэчихсэн, залуучуудын насан дээрээ ирэхэд ДАШТ-нээс медаль авчих түвшинд хүрчихсэн байдаг. Манай багийн бүрэлдэхүүн хэдий гайгүй ч залуу бүсгүйчүүд, залуу хүн гэнэдэнэ, сэтгэл нь амархан хөөрчихнө, бас туршлага дутна гээд олон асуудал бий, гэхдээ манай багийнхан сайн барилдана гэдэгт итгэж байна. Бэлтгэлийн хувьд хүчний, тактикийн, сэтгэл зүйн бэлтгэл хангагдсан гэж үзэж байна. Гэхдээ энэ бол зөвхөн гурван Баярсайханы ажлын үр дүн биш, багтаа анхаарал тавьж байгаа холбооны удирдлага, бүх хүмүүсийн дэмжлэгийн үр дүн юм шүү.

Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)

Эх сурвалж: wrestling.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж