Дэвид Кэмерон ба Владимир Путин Фото: Архив, ИТАР-ТАСС/Алексей Никольский/
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон хоёр Нормандад ирэх баасан гаригт хоёр талын уулзалт хийхээр тохиолцлоо. Оросын тал ямар ч асуудлаар ярилцахад бэлэн гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэв.
Бусад лидерүүдтэй Нормандын ёслол дээр уулзаж болохыг тэр үгүйсгэсэнгүй. Хэлэлцээрт Украины асуудал яригдах эсэх талаар тодруулахад “Уламжлал ёсоор бид ямар ч сэдвээр ярилцахад бэлэн” гэж тэр тайлбарлав.
Оросын лидер зургадугаар сарын 6-нд Холбоотны цэрэг Нормандад нэвтрэн хоёрдугаар фронт нээсний 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм. Украины хямралаас хойш Путины Европт хийж байгаа анхны айлчлал нь энэ болно. Франц уг арга хэмжээнд Путиныг хэдэн сарын өмнө урьсан байснаа Украины хямралын дараа нэг биш удаа урилгаа сануулжээ.
Европын холбооны саммитийн дараах хэвлэлийн хурал дээр Олланд Путинд хандан зургадугаар сарын 6-нд хэлэлцээр хийхийг санал болгожээ. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга дээр Путин “Уулзалтын эзний ааш хувирахгүй бол би Францад очно. Хэн нэгнээс зугтан гүйх гээгүй байна” хэмээн хэлжээ. “Би ажил нэгтнүүдтэйгээ, тэдний дотор Канадын ерөнхий сайдтай уулзана” гэж Путин нэмэн хэлсэн байлаа.
Холбоотны цэрэг Нормандад десант буулгасны ойн ажиллагаанд Их Британийн хатан хаан, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ХБНГУ-ын канцлер Ангела Меркль зэрэг олон лидерүүд уригджээ. Арван жилийн өмнө десантын 60 жилийн ойн баярт Путин зэрэг 16 улсын лидерүүд оролцож байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР