10 иргэнээс гурав нь даатгуулдаг

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

10 иргэнээс гурав нь даатгуулдаг

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 218 мянган тэтгэвэр авагч байдгаас 60 гаруй хувь нь хамгийн доод шатлалын тэтгэвэр авдаг аж. Тэтгэврийн даатгалын сангийн хувьд 2013 оны эцсийн байдлаар орлогын гүйцэтгэл 635.0 тэрбум төгрөг, зарлагын гүйцэтгэл 811.0 тэрбум төгрөгт хүрч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлсэн нь тэтгэврийн даатгалын сан өөрийгөө санхүүжүүлэх боломжгүйг нотлон харуулжээ. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн талаар дорвитой шинэчлэл хийх хэрэгцээ, шаардлага бий болсныг харуулж байгаа аж. Энэ тухай УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт онцолж, ойрын хугацаанд нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэх, хуримтлагдсан өр, авлагыг багасгах, Нийгмийн даатгалын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай байна гэж тэмдэглэлээ.

Үүнтэй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ санал нэг байгаагаа илэрхийлээд тэтгэврийн даатгалын одоогийн тогтолцоо үйлчлэх боломжгүй болсныг хэллээ. Тухайлбал, сүүлийн арван жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21. 9 хувиар буюу илүү хурдацтайгаар өссөн дүн үүнийг илтгэж буй аж. Тэтгэврийн сангийн алдагдал 2030 он гэхэд ДНБ-ний эзлэх хувийн жин өсч дөрвөн хувьд хүрэх төлөвтэй юм байна. Мөн 10 хүн тутмын гурав нь нийгмийн даатгалд даатгуулдаг бол 10 даатгуулагч тутамд дөрвөн тэтгэвэр авагч ногддог аж. Иймээс дээрх хүндрэлээс гарахын тулд одоогийн тэтгэврийн тогтолцоог халж, тэтгэврийн нас, шимтгэл бодох хувь, тэтгэврийн хувь хэмжээ зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөх шаардлага үүсч буй юм байна.

Монголд өнөөдөр 1960 оноос өмнө төрсөн иргэдэд цалинд үндэслэсэн тэтгэврийн тогтолцоо үйлчилж байгаа бол 1960 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэврийг тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцоогоор бодож байгаа аж. Шимтгэл олгогчийн хувьд ажил олгогчоос болон даатгуулагчаас тус бүр долоон хувь буюу нийтдээ 14 хувийг тэтгэврийн даатгалд төлдөг. Харин 14 хувийн шимтгэлийг 20 жилийн хугацаанд төлсөн даатгуулагч өндөр насны тэтгэвэрт гарах эрхтэй. Тэтгэврийг тогтоох аргачлалын хувьд 1995 оны хуулиар буюу 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчдын тэтгэврийг бодохдоо 20 жил ажилласан тутамд цалингийн 45 хувиар, 20-иос илүү жил ажилласан тутамд 1.5 хувиар бодох аргачлалаар явж байгаа аж.

Нэрийн дансны хуулиар буюу 1960 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийг бодохдоо түүний нэрийн дансанд хийсвэрээр бүртгэгдсэн шимтгэл, түүнд тооцсон өгөөжийн хүү, тэдгээрийн нийлбэрийг цаашид тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэлд хуваах замаар тэтгэврийг бодож тогтоодог байна.

Сүүлийн гурван жилийн байдлаар тэтгэврийн сангийн орлого, зарлагыг авч үзвэл тэтгэврийн даатгалын сангийн нийт орлогын 30 орчим хувийг улсын төсвийн татаасаар бүрдүүлж иржээ. Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 2013 оны гүйцэтгэлээр 821.7 тэрбум орчим төгрөг байснаас нийт зарлагын 72 хувийг өндөр насны тэтгэвэрт, цэргийн тэтгэвэрт 9 орчим хувийг зарцуулсан байдаг аж.

Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүд “Эхний ээлжинд нэрийн дансны хуримтлалыг бий болгох, олон шатлалтай тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлэх, ахмад настныг ядууралд өртүүлэхгүй байхын тулд тэтгэврийн хувь хэмжээг боломжийн хэмжээнд байлгах, тэтгэвэрт гарагсдын эрүүл мэндийн асуудалд судалгаа хийх, Нийгмийн даатгалын санг бие даасан, хараат бус болгох зэрэгт бодлого дутагдаж байна” гэлээ.  

Хэлэлцүүлэгт Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар,  Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын ахмадын холбооны тэргүүнүүд оролцож саналаа мөн илэрхийллээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж