ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.МЭДРЭЭ:
БИДНИЙ ТУУЛСАН БЭРХШЭЭЛ БОЛ МОНГОЛЫН ШИНЭ ҮЕИЙН АРИЛЖААНЫ БАНКНЫ БОДИТОЙ ТҮҮХ ЮМ
Б.Мэдрээ – Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх Захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч.
Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд банк, санхүүгийн салбарт 27 жил ажилласан банкир юм.
Ажилласан байдал:
1987-1991 он Улсын банкны ерөнхий хорооны Хэлтсийн дарга
1991-2000 он ХХБ-ны Тамгын газрын захирал, Дэд захирал, Гүйцэтгэх захирал
2002-2006 он “Гурван бар кредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал
2006-2007 он Капитрон банкны Гүйцэтгэх захирал
2007 оноос ХХБ-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Шагнал:
Санхүү банкны тэргүүний ажилтан
Монгол Улсын Гавъяат эдийн засагч
Монголын Банкны Холбооны Хаш Эрдэнийн одон
Чөлөөт зах зээлийн нийгэмд арилжааны банк хэрхэн ажилладаг, юу хийдэг, боловсон хүчний ур чадвар ямар байх зэргээр мэдэхгүй шинэ зүйлсээр дүүрэн арилжааны банк хэмээх байгууллагыг жинхэнэ утгаар нь Монголд анх удаа бий болгосон банк бол Худалдаа, хөгжлийн банк гэдэгтэй маргах хүн гарахгүй. Басхүү энэ банкинд бүхий л хүч чадал, оюун ухаан, амьдралаа зориулсан Балбарын Мэдрээг ХХБ – наас салгаж ойлгох аргагүй билээ. Монгол улсад банкны тогтолцоо үүсч, бэхэжсэний 90 жилийн ой тохиож буй энэ цаг үед түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
Танд 90 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголын банкны салбарын түүхэн 2 тогтолцооны аль алинд нь ажилласан хүний хувьд амьд түүх өгүүлэх хүн гэж Таныг боддог. Ялангуяа, 2 шатлалт тогтолцоо яаж бий болсон талаар Та нэлээд зүйл ярих байх?
Наян хэдэн оны сүүлээр Улсын төлөвлөгөөний комисс, Сангийн яам, Эдийн засгийн хүрээлэн, Статистикийн төв газар, Зах зээл судлалын хүрээлэн, Улсын банкны ерөнхий хороонд ажилладаг залуучууд хоорондоо нөхөрлөн, эдийн засгийн маргаан мэтгэлцээн хийж, түүнийгээ байгууллага бүр дээрээ очиж ярьж, танилцуулдаг байлаа.
Энэ байдал 1989 онд Залуу эдийн засагчдын клуб болон өргөжиж, энэ клубт бидний хэдэн нөхөд болох Д.Сүх-эрдэнэ, Н.Жаргалсайхан, Н.Золжаргал бид дөрөв багтдаг байв.
1989 оны 9-р сард Залуу уран бүтээлчдийн чуулган, түүний дараахан Ардчилсан хувьсгалын анхны жагсаал боллоо. Яг энэ үед Шинэ дэвшилт холбоо байгуулагдан, Монгол улс эдийн засгаа яаж хөгжүүлэх, ямар замаар явах, зах зээлийн эдийн засаг гэж юу болох гэх зэргээр залуу эдийн засагчид өөр хоорондоо маргалдаж байсан үе юм. Шинэ дэвшилт холбоо нь Монголын үндэсний дэвшлийн нам болж, энэ намын хөтөлбөрт нь бид “Банкны хоёр шатлалт тогтолцоог бий болгох, Төв банк нь мөнгө, зээлийнхээ бодлогыг явуулдаг, улсын мөнгөн тэмдэгтээ үйлдвэрлэх тусгай эрхтэй, бусад арилжааны банкуудыг хянадаг, харин арилжааны банк нь цэвэр бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байх ёстой” гэж орууллаа. Өөрөөр хэлбэл, Монгол улсад банкны 2 шатлалт тогтолцоо байх нь зүйтэй гэсэн санаа энэ хөтөлбөрт орсноор анх эх суурь нь тавигдсан юм. Ингээд энэ асуудлыг УБЕХ – ны дарга Г.Хүдэрчулуун Засгийн газарт танилцуулахаар болж, тухайн үеийн Сайд нарын зөвлөлд арилжааны Худалдаа, хөгжлийн банк байгуулах тухай албан бичгийг илгээснээр арилжааны банк байгуулагдах боломж нээгдсэн юм.
2 шатлалт тогтолцоо бий болоход арилжааны банкууд олноороо байгуулагдсан ч ихэнх нь дампуурсан шүү дээ. Тэд буруу ажилласан уу?, эсвэл тэр үеийн тогтолцоондоо байв уу?
90-ээд оны эхэн, дунд үе бол үнэндээ нийт бизнесийн төрөл, түүний дотор банкны бизнес эрхлэхэд хэцүү, төрийн зохицуулалт, хууль эрх зүйн орчин тун тааруу байсан. Жишээ нь, Зээлийн мэдээллийн сан огт бүрдээгүй, хөрөнгийн улсын бүртгэлийн тогтолцоо байхгүй, төгрөгийн солилцооны ханш тогтворгүй, бизнесийн гол төрөл бүхэлдээ импортод түшиглэсэн, дотоод үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах бодит нөхцөл муутай, дээр нь бизнесийн ёс зүйн соёл ба мэдлэг, компанийн засаглалын шинэ горимд суралцаагүй байдал нь банкуудад маш их хүндрэл учруулсан. Ийм хүндхэн нөхцөлд шинэхэн үүссэн олон банкуудаас хэн нь тэсч үлдэх вэ гэдэг том сорилттой тулгарсан л даа.
Тэр үед одоогийнх шиг банк хүндэрвэл эдийн засаг, санхүүгийн тогтолцоо сууриараа доргино гэдгийг хууль тогтоогч ба гүйцэтгэх засаглалын түвшинд ч тэр бүр мэдэрдэггүй, мэдэрсэн ч түүнийг аврах хүч чадал, арга механизм бүрдээгүй байсан юм.
Нэг үгээр хэлбэл, банк хувь заяагаа хар толгойгоороо бие дааж хариуцах хатуу нөхцөл үйлчилж байсан гэж хэлж болно. Ийм суурь шалтгаан нь ХХБ-тай нэгэн үед мөр зэрэгцэж үүссэн банкууд үндсэндээ бараг бүгдээрээ авралгүй дампуурсан нь манай улсын банкны хөгжлийн түүхэнд таагүй үйл явдал байсан.
Тухайн үед бүх зүйл шинэ, туршлагагүй учраас хэцүү зүйл олон л тохиолдож байсан байх. Тэдгээрийг яаж давж гарч байв, мартагддаггүй үлдсэн дурсамж байдаг даа?
Банк анх байгуулагдах тэр цаг үед хүнд хэцүү, шантармаар үе олон байсаан. Валют, төгрөгийн гачигдал, эдийн засгийн уналт, гиперинфляци, гадаад өрөнд баригдсан байдал зэрэг үнэхээрийн хүнд нөхцөлд бидний ажил эхэлж байсан.
Ийм нөхцөл байдалд бид бодит үнэний өөдөөс эгц харах эр зоригтой байж, ажлын төлөө хоорондоо маргалдаж, учрыг нь олж, эрүүлээр сэтгэж, бие биедээ муу санадаггүй, бие биеэ уучилдаг, хүндэлдэг, ажил хэрэгч тийм таатай дотоод уур амьсгалыг банкиндаа бүрдүүлэн ажиллаж чадсан нь одоо бодоход бидний хамгийн том ололт байсан.
Дээр дурдсанчлан олон банкууд дэс дараалан хаалгаа барьж байсан нь биднийг өндөр хариуцлагатай байх, үүргээ улам сайн ухамсарлахыг нөхцөл байдал тэртээ тэргүй шаардаж байсан. Бид ч нойр хоолоо умартан зүтгэсэн дээ. Ингэсний хүчээр ч ХХБ-ны ашиг орлого жилээс жилд нэмэгдэж, ажиллагчдын аж амьдрал сайжирч, ажиллах урам зориг нэмэгдэж байлаа. Банк зөв менежментийн багтай, зөв засаглалтай байснаар өнөөгийн амжилтад хүрсэн гэж боддог.
Бас хүнд хэцүү үеийг ёс суртахуунтай, сайн ажилтнуудын хүчээр давж гарсан. Тэд бол зөв бөгөөд хэрэгтэй боловсон хүчин. Өөрөөр хэлбэл, бид ердөө л хуучин туршлагатай хамт олон дээрээ суурилан, нэмж их, дээд сургуулийн банк, санхүүгийн мэргэжлээр суралцагсдыг судлан, банкиндаа дадлагажуулан бэлтгэж, тэднээс шилдэг тэргүүний төгсөгчдийг нь сонгож, ажилд авдаг боловсон хүчний оновчтой бодлого хэрэгжүүлсэнээрээ онцлог байсан юм уу даа.
ХХБ Монголын банкны системд олон зүйлд анхдагч байсан. Энэ нь бусад банкууддаа үлгэр болж, суралцах, туршлага судлах боломж болдог талаар олонтаа сонсож байсан юм байна?
Тийм ээ, энэ бол маргашгүй үнэн. Монголын банкны салбарт анхдагч гэдэг тодотгол биднийг байнга дагалддаг. Бидний бүтээсэн, бий болгосон, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөсөн ажилтан бүрийн маань гавъяа. Бид заавал анхдагч, тэргүүлэгч байх гэж улайрсан бодлого төлөвлөгөө зохиож байсан удаагүй. Харин харилцагчиддаа сайн үйлчилгээ хүргэх, сэтгэл хангалуун байлгах зорилгоор сайтар шилж сонгосон олон олон технологийг судлан, баяжуулж, нэвтрүүлсэнээрээ бид анхдагч банк болсон. Угтаа бол бид технологи бол банкны үйл ажиллагааны үндсэн хүчин зүйл гэж үзэж байгаагүй юм. Анхдагч гэхээсээ илүүтэй ХХБ-ны Монгол улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр асар их бий. Монгол улсад хувийн хэвшил үүсч хөгжих, мөнгө, зээлийн шинэ харилцааг төлөвшүүлэх, санхүүгийн олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжуудыг харилцагчиддаа хүргэж, улс орныхоо санхүү, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй, бие даасан, хараат бус байдлыг хангахад оруулсан хувь нэмэр асар их байсан.
Монголын банкууд олон улсад хэр танигдсан гэж Та дүгнэдэг вэ?, ер нь банкуудын өнөөгийн байдлын талаар туршлагатай банкирын хувьд санаа бодлыг тань сонсъё?
Манай банкууд хөрөнгийн хувьд олон улсын банкуудтай харьцуулахад жижиг ч гэлээ сүүлийн 20 жилд хамгийн үсрэнгүй, өндөр хөгжсөн салбар шүү дээ. Монгол улсаас анх удаа олон улсад бонд арилжаалсан байгууллага нь арилжааны банк, Ази, Европт дэлгэрч байгаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээ бүгд Монголд байна. Чамлаж болохгүй сайн үзүүлэлтүүд арилжааны банкуудад байгаа, Монголын эдийн засгийн том ачааг үүрч байгаа банкны салбарын нийт хөрөнгө нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс давж гарсан байгаа.
Банкны салбар үүсэн байгуулагдсаны 90-н жилийн ойг тохиолдуулан би Тантай уулзаж байгаа. Миний сонссоноор өнөөдөр энэ салбарт 20 гаруй мянган хүн ажилладаг. Тэдэнд хандаж хэлэх үг байвал бид дамжуулъя.
Монголын банкны салбар үүсээд бараг нэг зууныг өнгөрсөн байна. Олон ч бэрхшээл саадыг банкны салбар үзлээ, улс орныхоо хөгжилд түүнээс ч их хувь нэмрийг оруулсан, цаашид ч ирээдүй гэрэлтэй байна. Юуны түрүүнд хамгийн хүнд хэцүү цаг үед ачааны хүндийг үүрсэн банкны салбарын ахмад буурлууддаа бид баяр талархлын үгсээ харамгүй зориулах ёстой. Мөн 1990 онд банкны 2 шатлалт тогтолцоог бий болгоход мөр зэрэгцэн зүтгэсэн нөхдөдөө баярын мэнд хүргэе.
Түүнчлэн, 24 – н жилийн туршид өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж, Монгол улсын хамгийн итгэлт сайн банкаар шалгарч үлдсэн ХХБ-ны нийт ажилтнууд, энэ банкаар овоглодог байсан олон зуун хүмүүс, банкийг үүсгэн байгуулагчдад 90-н жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Төгсгөлд нь, 90-н жилийн ойд зориулсан олон арга хэмжээ, үйл ажиллагааг сэтгэл гарган гардан зохион байгуулж буй Монголын банкны холбоо, Монголбанк, нийт арилжааны банкуудын банкирууддаа талархаж буйгаа дамжуулан хэлье. Та бүхэнд ажлын арвин баялаг амжилт, амьдралын аз жаргалыг хүсэн ерөөе.
Танд баярлалаа.
Б.Мишээл
Монгол улсад банкны салбар үүсч бэхэжсэний 90 жилийн ойд зориулав.