Талхны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Талхны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгджээ

Хүнсний дэлгүүр болон худалдааны төвүүдээр сүүлийн үед талхны үнэ нэмэгджээ. “Мишээл” талхны хувьд 1100 төгрөг байсан бол одоо 1200-1250 төгрөгөөр зарагдаж байна. Ийн талхны үнэ өссөн шалтгааныг дэлгүүр, худалдааны төвийн худалдаачид “Үйлдвэрээс үнэ нэмсэн” гэж тайлбарлаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар талхны үнэ  жижиг дэлгүүр, худалдааны төвүүдэд харилцан адилгүй байна. Энэ нь дэлгүүрийн байршил, хотоосоо хол ойр байрладгаас шалтгаалж байгаа юм. Тиймээс талхны  үйлдвэрүүд талхаа хэдэн төгрөгөөр дэлгүүрүүдэд түгээж байгааг тодруулсан юм.

“Талх чихэр” ХК-ийн хувьд “Гурилын үнэ буюу түүхий эдийн үнэ нэмэгдсэн учраас талхны үнээ нэмсэн. Атар талхнаас бусад талхны үнийг өнгөрсөн долоо хоногоос 50-100 төгрөгөөр нэмсэн байгаа” гэсэн тайлбар өглөө. Тухайлбал, урьд нь “Мишээл” талх үйлдвэрээс 1050 төгрөгөөр гардаг байсан бол одоо 1150 төгрөг, зуйван чех 850 төгрөг байсан бол 950 төгрөг болжээ. Хэрчсэн, хөх тарианы талхны үнэ ч 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байна.

“Атар-Өргөө” ХК мөн адил “Атар” талхнаас бусад талхны үнээ 100 орчим төгрөгөөр нэмж, үйлдвэрээс худалдаж байгаа ажээ. Энэхүү үйлдвэрийн үнэ дээр дэлгүүр, худалдааны төвүүд дахин 50-100 төгрөг нэмж худалдаж буй.

Ийнхүү талхны үнэ өсөх болсонд үйлдвэрлэгч компаниуд түүхий эдийн буюу гурилын үнэ өссөн, тиймээс үнээ нэмэхээс өөр аргагүй болсон гэж тайлбарлаж байна. 

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж