“SIT study abroad, a program of World learning” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын судалгааны ажлын тайлан хамгаалалт Монгол улсын боловсролын их сургууль /МУБИС/-д болж өнгөрлөө. SIT программ нь Африк, Ази, Номхон далайн бүс, Европ, Латин Америк, Ойрхи Дорнод зэрэг олон орны, олон газар их, дээд сургуулиудын оюутнууд болон коллежийн оюутнуудад зориулсан сургалт явуулдгаараа онцлог ажээ. Уг хөтөлбөрийн давуу тал нь оюутнууд өөрсдийн мэргэжлийн дагуу, гадаад оронд судалгаа явуулж, тухайн орны ёс заншил, өв соёлтой танилцдаг явдал юм. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд судалгааны ажлаа тайлагнах үеэр МУБИС-ийн монгол хэлний багш Д.Ганболдоос хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. Мөн гадаадын оюутнуудаас Сонголд хийсэн судалгааны талаар тодруулснаа уншигчдадаа хүргэе.
-Тус хөтөлбөрийн тухай та товч танилцуулахгүй юу?
-“SIT study abroad, a program of World learning” хөтөлбөрийн төв нь АНУ-д байдаг. Салбар нь манайд байна. АНУ-ын их дээд сургууль, коллежийн оюутнууд манайд хүсэлт гаргаж, гадаад орон судлалын дадлага хийдэг. Мэдээж ганц манайд биш, бусад гадаадын оронд очиж мэргэжлийн чиглэлээр сургалтад хамрагддаг. Оюутнууд нь хагас жилийн хугацаатай тухайн орондоо суралцаж, судалгаа явуулдаг. Эхлээд 45 хоног хэлний программд хамрагдана, суралцах хугацаандаа дөрвөн төсөл хэрэгжүүлж, бие дааж судалгааны чиглэлээр ажиллаж, судалсан сэдвээ хамгаалдаг юм. Өнөөдөр судалгааныхаа хамгаалалтыг хийж байна.
-Сая хамгаалалтыг нь хэсэг ажиглалаа. Сэдвийн сонголтын хувьд их сонирхолтой, манай оронд асуудал болж байгаа, эсвэл бидний олж хараад байдаггүй сэдвийг сонгосон байна…?
-Сэдвийг гадаад оюутнууд илүү сайн сонгодог. Манайд бол багш нар нь хийх ажлынх нь сонголтыг хийж өгөөд байдаг шүү дээ. Харин эдгээр оюутнуудын хувьд тийм биш. Өөрсдийнхөө суралцаж байгаа мэргэжлийн дагуу сонгож, илүү сонин содон өнцөг олж харсан байдаг. Жишээ нь Баян-Өлгийд казак үндэстний хотжиж байгаа үйл явц, монгол хэлний дүрэм үндэстний хоорондын харилцаанд хэр зохицож байна вэ, цаг агаарын өөрчлөлт зэрэг их өвөрмөц сэдвүүдийг сонгож дадлага хийсэн гэлээ. Монголд зургаан сарын туршид суралцаж, нийгэм, аж амьдралыг нь судалсан гадаадын оюутнуудтай багахан хугацаанд ярилцсан юм. Мэдээж бүх оюутнуудын сэтгэгдлийг нь сонсох боломжгүй учраас хамгийн сонирхолтой сэдвээр илтгэл тавьсан хоёр оюутныг сонгон авч товчхон ярилцсан билээ.
Хөдөөгийн монголчуудын амьдрал давтагдашгүй
Nathaniel Williams “Macalester college”-ийн оюутан. Тэрээр зургаан сарын туршид Монголд суралцаж, амьдарчээ. Амьдрах хугацаандаа хөдөө болон хотод аж төрдөг монгол айлд амьдарч судалгаагаа явуулсан байна.
-Монголд ирэхээсээ өмнө хэр мэдээлэлтэй байсан бэ. Одоо ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Ирэхээсээ өмнө нэг их мэдээлэл байхгүй байсан. Хүн бүрийн л мэддэг зүйлийг судалсан гэх үү дээ. Чингис хаан, хүйтэн цаг агаартай, мах их иддэг гэх мэтийг л мэдэж ирсэн. Харин Монголд ирээд монголчууд их зочломтгой хүмүүс гэдгийг ойлгосон. Би хөдөөний айлд ч, хотын айлд ч амьдарсан. Мөн маш их мах идэж байгаа. /Инээв/
-Хот хөдөөгийн амьдралын ялгаа таньд ямар санагдсан бэ. Мэдээж өөр шүү дээ…?
-Би маш их ялгааг мэдэрсэн. Хотынхон бол энгийн, хотожсон бусад улс орны иргэдтэй адилхан амьдардаг юм билээ. Харин хөдөөгийн амьдралыг би яг тодорхойлж хэлж чадахгүй байна. Магадгүй хаана ч байхгүй амьдрал байх.
Зам цэвэрлэх хэцүү байсан
Jasse Bercaw, Bates college-ийн оюутан. Түүнийг олон хүн сонссон байж болох юм. Тэрээр өөрийн судалгаагаа тун хачирхалтай салбарт хийсэн. Тэрээр хагас сарын туршид хотын төвд зам цэвэрлэсэн бөгөөд түүнээс яагаад энэ салбарыг сонгох болсон талаар ярилцсан юм.
-Монголд ирээд багагүй хугацаанд зам цэвэрлэсэн. Хэр баргийн хүн, монголчууд өөрсдөө ч энэ ажлыг сонгож хийхгүй шүү дээ. Яагаад зам цэвэрлэгээг сонирхов?
-Анх Улаанбаатарт ирснээс хойш зам цэвэрлэдэг хүмүүсийг олон удаа харсан. Тэд зам цэвэрлээд явж л байдаг. Хүмүүс тэднийг хайхардаггүй. Тийм учраас тэдгээр хүмүүс юу гэж боддог вэ, тэдний хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг зэргийг сонирхсон.
-Та сонирхсон асуултдаа ямар хариу авав?
-Анх зам цэвэрлэдэг хүмүүсийг ерөөсөө хайхардаггүй юм байна гэж бодсон бодол маань өөрчлөгдсөн. Саяхан би залуучуудын дунд нэгэн судалгаа явуулсан. Залуучууд ер нь байгаль орчны талаар, замын үйлчлэгч нарын талаар нэлээд мэдлэгтэй байдаг юм билээ. Хэдийгээр зарим хүмүүс сөрөг бодолтой ч тэд зам цэвэрлэдэг хүмүүсийн тухай мэдээлэлтэй байдаг нь харагдсан. Ирээдүйд Улаанбаатар хот их цэвэрхэн хот болох байх гэж найдаж байна. Анх зам цэвэрлэж эхлэж байсантайгаа харьцуулахад одоо надад их найдлага төрсөн шүү.
– Эмэгтэй хүн зам цэвэрлэнэ, тэр тусмаа гадаад хүнд хэр хэцүү байв?
-18 хоног цэвэрлэсэн. Мэдээж маш хэцүү байсан. Өнөөдрийн маань сэдвийн хамгаалалт ч мөн уг ажилласан хугацаандаа судалсан зүйлсээрээ сэдвийнхээ хамгаалалтыг хийж байна.
Э.ТЭКҮ