Н.Батцэрэг: Нэг гишүүний санал эвсэл задрах үндэс биш

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг: Нэг гишүүний санал эвсэл задрах үндэс биш

УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ удаа таны толгойлж буй “Шудрага ёс” эвслийн бүлгийн үйл ажиллагаа, улс төрийн байр суурь цаашдын ирээдүйн талаар тантай ярилцъя гэж бодлоо. Танай эвсэл 2012 оны сонгуулиар нийт сонгогчдын 22,3 хувийн санал авч УИХ-д 11 суудал авсан. Энэ нь зарим улс төрчдийн хэлдэг шиг зөвхөн “оймсны эффект” нөлөөлсөн  тохиолдол төдий байв уу. Эсвэл гарцаагүй зүй тогтол уу?

-2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөх жилийн дүр зураг ямар байсныг сайн шинжиж харах хэрэгтэй л дээ. Тухайн үед МАН, АН хоёрын нэр хүнд уначихсан, олон нийт сонгогчид шинэ хүчнийг эрэлхийлэх байдалтай байсан юм. Нөгөө талаас бид зүгээр суугаагүй л дээ, хоёр намын эвсэл зохион байгуулах, орон даяар бүтэцтэй болох, өөрсдийн  нийгэм эдийн засаг, улс төрийн хөтөлбөрөө боловсруулах, үүнийгээ олон түмэнд хүргэх гээд үнэндээ “нойр хоолгүй” ажилласан юм шүү дээ. Бүх аймагт хүрч орон даяар явж ажилласан. Бүр ардчилсан он жилүүдийн сургамж, туршлага дээрээ тулгуурлан шинэ Үндсэн хуулийн төсөл хүртэл бичсэн.  “Оймсны эффект” гэж Энхбаяр даргыг сонгуулийн өмнөхөн баривчилсан асуудлыг  хөндөж байгаа юм уу. Энэ хууль зөрчсөн гэж  яригддаг ажиллагаа бол харин сонгуулийн утгаараа бидэнд нэмэлт санал яах аргагүй авчирсан. Гэхдээ масс бол МАНАН-г эсэргүүцэж  гурав дахь хүчинд саналаа өгөх  улс төрийн шалтгаан  нийгэмд үүсчихсэн, дээрээс нь сайн сонгуулийн менежмент, гишүүд дэмжигчдийн хичээл зүтгэл гээд амжилт гаргах юм юм бүрэлдсэн байсан. Иймээс эвсэл сонгуульд амжилттай оролцсон нь зүй тогтолын шинжтэй юм даа.

-Танай бүлгийн нэг гишүүн бүлгээсээ албан ёсоор гарсан. Тэгтэл нэмээд танай нэр бүхий хэд хэдэн гишүүд бүлгээсээ гарч магадгүй талаар мөн УИХ-д албан бус бүлэг байгуулагдаж буй талаар бие даагч гишүүдийн зүгээс хэвлэл мэдээллээр цацаж байна. Танай бүлэг задрах аюул бодитойгоор байна гэж үзэж байна уу? Эсвэл зарим гишүүдийн улс төрийн шоу төдий асуудал гэж харж байна уу?

-Нэлээд хэд хоногийн өмнө манай нэг  гишүүн “Эцсийн шийдэл биш гэхдээ” гээд бүлгээс гарах бодолтой явдаг тухайгаа  надад болон манай бусад гишүүдэд үг цухуйлгаж байсан тал бол бий.

-Нууц биш бол тэр хүн хэн юм бол?

-Гишүүн эцсийн шийд  биш гэсэн учраас одоо тэр, энэ гээд яахав. Харин ерөнхий утгаар нь хэдэн зүйл хэлье. Нэгдүгээрт:  УИХ-ын гишүүн өөрөө бие дааж нэр дэвшиж сонгогдоогүй л бол нэр дэвшүүлсэн субъектийнхээ өмнө хариуцлага хүлээж байх учиртай.  Яагаад гэвэл сонгогчид дэвшүүлсэн нам, эвслий нь гарцаагүй харгалзаж саналаа өгдөг. Сонгогчдын санал гэдэг бол нам, эвсэлд нь болон өөрт нь өгч буй захиа даалгавар бас итгэл юм. Итгэлийг хөсөрдүүлж болохгүй. Хоёрдугаарт:  Аль ч гишүүн тэр тусмаа жагсаалтаар сонгогдсон гишүүн бол тухайн нам эвслийнхээ  үндэсний хэмжээний нийгэм эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах үүргийн мандаттай, энэ үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдож  эрхийн мандат хамт олгогдож буй юм шүү дээ. Заримдаа гишүүд бүлэгт орох, гарах нь  хүний, иргэний эрхийн асуудал юм биш үү гэж ярьдаг.  Үгүй юм. Чухамдаа  УИХ-ын гишүүн, хүний үндсэн эрхээс бусад зарим иргэний эрх үүргээ сонгогчдоос өөрсдийг нь төлөөл гэж өгсөн эрх, үүргийн мандатаар хязгаарлуулсан байгаа. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэгд  ” УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан байдаг. Жирийн иргэнд бол нийт иргэдийн ашиг сонирхлыг харгалзах үүрэг байхгүй. Иймээс УИХ-ын гишүүн хүний эрх, миний эрх гэж ярих нь төрийн хүн болоогүйн  л шинж. Албан бус бүлгийн тухайд бол гишүүд тодорхой хуулийн төсөл болон зарим хэлэлцэж буй асуудлаар нэгдсэн байр суурь баримталдаг  практик бол байдаг л зүйл.

-УИХ-ын гишүүд, хэрэв манай мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй, эсвэл муу хэрэгжиж  байна гэж үзвэл яах вэ. Эвсэл дотроо гомдол тунирхалтай сул гишүүн байсаар байгаад бүрэн эрхээ дуусгамааргүй санагдаж болно шүү дээ?

-Энэ бол гишүүн нэг бүрийн идэвх зүтгэл, хариуцлагатай холбоотой асуудал. Нийлбэрээрээ бол нам эвслээрээ нэгдсэн зохион байгуулалттай багийн тоглолт  хийнэ гэсэн үг юм даа. Манай бүлэг Засгийн газрын байгуулсан олонхийн нэг бүрэлдэхүүн хэсэг боловч Ерөнхий сайдыг  нэр дэвшүүлж томилуулсан зонхилох олонх биш юм. Бид одоо 10 гишүүнтэй, энэ хэмжээндээ таарсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой улс төрийн хариуцлагаа хүлээнэ. Гомдол тунирхлын хувьд бол, ямар бухал хийж байгаа хадлангийн бригад биш. Төрийн өндөр хариуцлагатай албанд сонгогдсон улстөрчдийн нэгдэл шүү дээ. Ямар ч асуудал байсан дотроо яриад шийдээд явах ёстой. Сул гишүүн гэж энэ хар ярианы л хэллэг. Ямар ч хуулинд  ийм үг хэллэг байхгүй.  Тэгээд ч манай бүлгийн бүх гишүүд давхар ажилтай. УИХ-ын дэд дарга, сайд, байнгын хорооны, дэд хорооны дарга, тусгай хяналтын дэд хорооны гишүүн гэх мэт.

-Та, танай бүлэг задрах эрсдэл гарахгүй гэж  хэлэх гээд байна уу?

-Би бол нэг л тохиолдлыг гарцаагүй байдал гэж хүлээж авна. Эвслийг бүрдүүлж буй аль нэг нам юмуу, намууд хурлаа хийж эвслийг тараах,  эвслээс гарах  шийдвэр гаргасан бол улс төрийн үр дагавараараа ч,  хууль зүйн утгаараа ч бүлэг задарна. Харин гишүүд өөрсдөө нэг нэгээрээ гарах байдлаар бүлгээ эрсдэлд оруулах юм бол энэ нь  туйлын хариуцлагагүй, сонгогчдынхоо захиасыг уландаа гишгэсэн, хар амиа бодсон  үйлдэл  гэж  бодож байна.

-Ер нь УИХ-д ажиллаж буй нам, эвслийн бүлгийн үүрэг юу юм бэ?

-Хэлэлцэж буй аливаа асуудлаар улс төрийн бодлого, шийдэл гаргадаг гол бүтэц. Энгийнээр зүйрлэж хэлбэл ямар хоол хийх, давс хужир нь ямар, хачир нь юу байхыг  тааруулдаг гал тогоо гэсэн үг. Тиймээс хэвлэл мэдээлэлгүй дотроо хуралдаад дараа нь бүлгийн дарга нь мэдээлэл өгдөг шүү дээ.

-Та бүлгийн дарга, тэгээд Эвслээс нэр дэвшсэнээ ухамсарлаад бүлгээ хадгалж үлдэхийн төлөө дуустлаа л тэмцэнэ биз дээ?

-Манай бүлгийн олон гишүүд бүлгээ хадгалж,  дараачийн сонгуульд энэ бүтцээрээ сонгуульд орох ёстой гэж үздэг. Манай хоёр намын дарга нар ч ийм бодолтой байдгаа надад хэлж байсан. Бүлгийн даргын хувьд бол  Эвслийн удирдах зөвлөлд ажлаа тайлагнах болно.

Б.БАТБААСАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж