Кастын асуултыг энэтхэгчүүд эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Кастын асуултыг энэтхэгчүүд эсэргүүцэв


Энэтхэгт явуулж байгаа хүн амын тооллого тус улсын иргэдийн дургүйцэл бухимдлын сэдэв болоод байна. Учир нь тус тооллогоны санал асуулгад Британийн колонид л байх үед асууж байсан, 1931 оноос хойш асуугаагүй “Та ямар каст вэ?” гэдэг асуулт орсон юм байна. Кастын тухай асуултыг албан ёсоор хүн амын тооллогод оруулах эсэх талаар Энэтхэгийн Засгийн газар эцсийн байдлаар шийдээгүй байгаа ч зарим газар ийм асуулт асуусан байна гэж “CNN” агентлаг мэдээлж байна.
15 настай Чанда Дели хотын захад гэрийнхээ гадаа өөрийнхөө ганц тоглоом болох замын хажуугийн чулуунуудын дунд сууж байна. Тэр гудамжинд болж байгаа бүхнийг мэддэг, сэргэлэн охин боловч хэзээ ч сургуульд явж байгаагүй. Хүн амын тооллогын комиссын ажилтнууд тэдний гэрт ирэ  маш олон зүйл асуусны дотор “Та ямар каст вэ?” гэж асуусан гэнэ. Ийм асуулгыг Британийн захиргаанд байсан 1931 оноос хойш Энэтхэгийн Засгийн газар огт хэрэглэж байгаагүй бөгөөд энэ жил тооллогын асуултад багтаасныг Энэтхэгийн иргэд их эсэргүүцэж байна.
Энэтхэгийг задалж хуваахын тулд Их Британи кастыг ашигладаг байсан. Кастын тухай асууж байгаа нь Энэтхэгийг задлах гэсэн оролдлого гэж зарим эсэргүүцэгчид ярьж байна. “Энэ явдал бидэнд хор учруулах болно. Биднийг задалж, эмх замбараагүй байдалд хүргэх болно” гэж кастын тухай асуултын эсрэг кампанит ажлыг дэмжиж байгаа Энэтхэгийн хамгийн алдартай бүжигчдийн нэг Сонал Мансингх ярьж байна. Каст бол Өмнөд Азийн тус улсын хувьд ээдрээтэй асуудал. Олон зуун жилийн турш каст нь тухайн хүн хаана амьдрах, ямар ажил эрхлэх, хэнтэй гэрлэх, хаана оршуулах зэрэг олон зүйлийг тодорхойлж ирсэн юм. Үүнийг хүмүүс нэг нөгөөгийнхөө эсрэг ялгаварлан гадуурхах, үзэн ядахад ашиглаж ирсэн. Хинду заншлаар үндсэн дөрвөн каст байдаг бөгөөд тэднь дотроо хэдэн зуун дэд каст болон задардаг.  Хамгийн доод кастынхныш “үл хүрж болох хүмүүс” гэж үздэг.

Одоо ч гэсэн Энэтхэгийн зарим тосгонд каст тухайн хүмүүсийн амьдралд нөлөөтэй хэвээр байсаар байгаа. Хуучны соёлын нөлөө удаан ч болов задарч байгаа бөгөөд ялангуяа хотуудад нь илүү чөлөөтэй болж байгаа. Гэвч Чандагийн амьдардаг Шинэ Дели хотын захын хорооллын иргэд каст чухал нөлөөтэй гэж үздэг хэвээрээ байна гэнэ.
“Хэрвээ би өөр кастын хүнтэй хуримаа хийвэл эцэг эх минь намайг алах болно” хэмээн Чанда ярьж байгаа бөгөөд кастын тухай асуухад болохгүй зүйл юу байна, энэ амьдралд байж л байгаа зүйл шүү дээ гэв. Кастынхаа талаар хэлснээр Засгийн газраас илүү их тусламж авах бололцоотой болж магад гэж түүний хөршүүд бодож байгаа гэнэ.

Энэтхэгийн Засгийн газар одоо хүртэл кастыг зарим тэтгэмж, дэмжлэг авах шалгуур тогтооход ашигладаг байна. Энэтхэгийн засгийн газар 10 жил тутам хүн амын тооллого хийдэг бөгөөд одоогоор Энэтхэгийн хүн амыг 1,180 тэрбум гэж судлаачид тооцоолж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж