Монголын “Florever” мэргэжлийн студи Японы “AUCNET” компанитай хамтран Эх үрсийн баярт зориулсан Японы амьд цэцгийн урлагийн гайхамшигт тоглолт тавдугаар сарын 30-нд “Platinium shopping Center”-т боллоо.
Монголчууд бидэнд Японы икэбана буюу цэцэг амилуулах урлагийг танилцуулахаар Япон орноос урилгаар ирсэн икэбанагийн алдарт багш Фүжий Казүко энэ өдрийн гол “цэцэг” нь байлаа гэж хэлж болно. Түүний тоглолтын нээлтийн ёслолд мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү хүрэлцэн ирж, оролцсон юм. Какүрюү япон багшид амжилт хүсэн ерөөгөөд монголчууддаа Эх үрсийн баярын мэндийг хүргэлээ.
Фүжий Казүко багш икэбанагийн түүх, хэрхэн хийх аргыг нэг бүрчлэн тайлбарлан үзүүлж, цэцгийг үнэхээр амилуулан хувиргахыг ирсэн зочид гар утас, аппаратандаа бичиж аван, нэг ёсны икэбанагийн бүрэн хэмжээний хичээл явагдсан юм. Фүжий багшийн эхний бүтээлийн дараа Монголын “Florever” мэргэжлийн студийн дизайнер Б.Одгэрэл өөрийн уран бүтээлээ мөн толилууллаа. Б.Одгэрэл Японы алдартай багштай нэгэн тайзан дээр бүтээл хийх болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд “Зуны улирал эхэлж байгаа болохоор би Монголын хурим, найрт зориулсан цэцгийн баглаа хийх болно. Бид амьд цэцгийг зүгээр нэг баглаа болгон бэлэглэдэг байсан бол одоо өрөө тасалгаа чимэглэх, жинхэнэ урлагийн бүтээл, тасалгааны тавилга болгон хийдэг болж байна” гэж хэлсэн юм. Ийнхүү Монголын нэгэн авьяаслаг дизайнер төрөн гарч байгаагаа зарласан мөчтэй үзэгчид золголоо. Фүжий Казүко багш ч Б.Одгэрэлийг сайн дизайнер хэмээн үнэлээд цаашдаа хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн билээ.
Монгол дизайнерийн бүтээлийн дараа Фүжи Казүко багш Монголд зориулсан “Монголын ирээдүй” сэдэвт бүтээлээ хийж үзүүллээ. Монголын ирээдүйг нарны гэрэл мэт сайн сайхан байна хэмээн төсөөлж, шар, ногоон өнгийн цэцгээр урласан “Монголын ирээдүй” икэбана бүтээл дуусахад үзэгчид алга нижигнүүлэн угтаж авлаа. Харин Фүжий багш “Монголын ирээдүй”- гээ ингээд орхичихсонгүй. Улс орны ирээдүйд хүн болгоны хүчин зүтгэл чухал гэсэн санааг агуулан, ирсэн зочдыг “Монголын ирээдүй”- бүтээлд дуртай нэг нэг цэцэг хатгахыг урьж, хамгийн сүүлчийн хүн цэцэг хатгаснаар уран бүтээлчид, зочдын хамтарсан “Монголын ирээдүй” икэбана цогцлон бүтсэн юм.
Монгол дахь анхны тоглолтоо амжилттай төгсгөсөн Фүжий Казүко багш “Монгол орон их таалагдлаа. Үнэхээр сайхан орон юм. Монголын өргөн уудам хээр талд уран бүтээлээ туурвих сан гэж хүсч байна” гэж ярилаа.
С.ЭРДЭНЭ