&#34Тооны марафон” төрөлд дэлхийн рекордыг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

&#34Тооны марафон” төрөлд дэлхийн рекордыг шинэчлэв

Монголын оюун ухааны академийн тамирчид Филиппин улсын Манила хотод болох Олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцлоо. Өнгөрөгч тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд болсон тус тэмцээнд Филиппин, Индонез, Энэтхэг, БНСУ болон Монгол зэрэг таван улсын 68 тамирчин ой тогтоолтын арван төрлөөр, бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдлөө.

Манай улсаас Монголын оюун ухааны академийн тамирчид болох их мастер С.Цогбадрах (22 нас), Т.Энхжин (16 нас), Э.Энхмөнх (15 нас) нар дасгалжуулагч Б.Баасандорж, ой тогтоолтын олон улсын 2-р зэргийн шүүгч Х.Хатанбаатар нарын хамт оролцов.

Тэмцээний дүн гарахад Э.Энхмөнх 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль, Т.Энхжин 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл, их мастер С.Цогбадрах 3 алт, 1 хүрэл медаль хүртэж, багаараа хоёрдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлэв. Мөн нийлбэр оноогоор дунд насны ангилалд Э.Энхмөнх 2-р байр, Т.Энхжин 3-р байр, насанд хүрэгчдийн ангилалд нийлбэр оноогоор С.Цогбадрах 3-р байрыг тус тус эзэлсэн байна.

Их мастер С.Цогбадрах.

"Тооны марафон” төрөлд С.Цогбадрах 1408 цифрийг цээжлэн алдаагүй нэрлэснээр насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Энэ төрөлд Германы тамирчин, их мастер Симон Рэйнхард 2012 онд 1400 тогтоож, дэлхийн рекордыг эзэмшиж байжээ. "Тооны марафон" төрөл нь 30 минутын хугацаанд мөр бүртээ 40 цифр (40 оноо) бүхий аль болох олон эгнээ тоог тогтоож алдаагүй санах. Буцаж санахдаа тухайн эгнээндээ 1 цифр алдахад тал оноо буюу 20 оноо, 2 болон түүнээс дээш алдахад ямар ч оноо авахгүй хүнд төрөлдөө ордог аж.

 

Их мастер С.Цогбадрах “Flash numbers” төрөлд дэлхийн болон олимпийн наадмаас алтан медаль хүртэж, дэлхийн рекордыг шинэчилсэн. Харааны ой тогтоолтын төрөл “Flash numbers” төрөл нь нэг секунд тутамд анивчиж гарч ирсэн нэг цифр буюу нийт 300 секундэд гарч ирсэн 300 цифрийг цээжлэн дарааллаар нь санах. Оноог дүгнэхдээ буцаж санах үед нэг л цифр буруу бичсэн нөхцөлд арын цифрүүд хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй. Их мастер С.Цогбадрах 300 цифрийг нэг ч алдалгүй санаж дэлхийн дээд амжилтыг 2012 оны дэлхийн аваргын үеэр тогтоож байсан. Мөн дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимп “MEMORIAD-2012” наадмаас “Flash Numbers" төрөлдөө олимпийн алтан медаль хүртсэн байна.  Тэрээр 2011 онд оюун ухааны их мастер цолыг хүртэж байжээ.

Э.Энхмөнх, Т.Энхжин нар анх удаа олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд шүүгчээр ажилласан Монголын оюун ухааны академийн захирал, багш Х.Хатанбаатарын хувьд ой тогтоолтын олон улсын шүүгчийн 2-р зэргийг аваад байна.

Дашрамд, 23 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Хайнан арал дээр явагдана.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж