УИХ дахь "Шударга ёс эвсэл"-ийн бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэж, гурван асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх гэж байгаатай холбогдуулан тус бүлгээс ажлын хэсэг байгуулсан байна. Энэхүү ажлын хэсэг өнөөдөр бүлгийн хуралдаанд хэд хэдэн санал оруулж ирснийг хэлэлцжээ. Тухайлбал, 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн орчинд ажиллахад сургамж авмаар юм юу байгаа, туршлага болж үлдэх зүйл юу байхыг анхаарах ёстой талаар хэлэлцсэн тухайгаа бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Мөн орд газрын үнэлгээтэй холбоотой асуудал тус бүлгийнхний анхаарлыг татаж байгаа гэдгийг ч онцлов. Тэрбээр "Монголын талд ямар ч нөхцөлд ашигтай байх ёстой. Өөрийн талд ашигтай гэдгийг яаж томъёолох вэ гэдэгт нэлээд анхаарал хандуулсан" гэлээ.
Мөн Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ. "Одоогоор хугацаа хэтэрсэн, төлөгдөөгүй татварын өртэй байгууллага, аж ахуйн нэгжид эрүүгийн хуулийн санкцтай байгаа. Тэгэхээр энэ хууль нь үүнээс чөлөөлөх эсэх тухай асуудал юм. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл орж ирээд яригдаад эхэлчихсэн байгаа учир энэ хуулийн ач холбогдол буурчихсан байгаа. Гэмт хэргийн тухай хуулиар татвар төлөх хугацаа бага зэрэг хэтэрсэн өрийг гэмт хэрэг гэж үзэхээргүй, зөрчил гэж үзээд торгуулийн хариуцлага хүлээлгэхээр болчихсон байгаа юм" гэлээ.
Тус бүлгийн хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, Гал түймэртэй тэмцэх газрын даргын мэдээллийг сонсчээ. Энэ хуулинд хэд, хэдэн удаа өөрчлөлт оруулсан байдаг аж. Гол хууль нь 1999 онд батлагдсан юм байна. Сүүлийн 10 гаруй жил галын аюул нэмэгдэж байгааг онцолжээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам ихэсч, байшин барилга ихээр баригдсан. Үүнээс үүдэн галын гэнэтийн аюул гарсан тохиолдолд гал түймэртэй тэмцэх, унтраах, хүний амь нас эрсдэхгүй байх, эд хөрөнгөө галын аюулаас аврах ажиллагаанд нэлээдгүй хүндрэл гаргадаг байна. Улаанбаатар хотдод баригдаж байгаа барилгын ихэнх нь галын байгууллагуудын санал дүгнэлтийг авалгүйгээр баригдсан байдаг аж. Тиймээс энэ хуулиар үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг ярьж байгаа гэлээ.
Үүний дараа бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-"Шударга ёс" эвслийн бүлгийн зарим гишүүн Бие даагч гишүүдтэй хамтраад албан бус бүлэг байгуулах тухай мэдээлэл гарлаа. Ямар гишүүд тус бүлэгт нэгдэж байгаа талаар мэдээлэл өгөх боломж бий юу?
-Албан ёсоор манай бүлгийн хэн нэг гишүүн өөр бүлэгт орж буйгаа илэрхийлсэн зүйл байхгүй. Миний хувьд энэ мэдээллийг хэвлэлээс уншлаа. Ер нь УИХ-ын гишүүд тодорхой асуудлуудад нэгдэж, зохион байгуулалтад ороод ажиллах тохиолдол байдаг шүү дээ. Энэ утгаараа манай намын бүлгийн гишүүд тодорхой асуудлаар өөр намын бүлэгтэй нэгдэж байгаа бол үүнд хуулийн болоод улс төрийн үр дагавар байхгүй юм. Харин бүлгээс гарах асуудал яригдах юм бол энэ албаны болон хуулийн харилцаанд орж байж энэ асуудал шийдэгдэнэ.
-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албанд Ш.Түвдэндорж гишүүнийг томилохоор нэр дэвшүүлсэн. Эвслийн бүлэг энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Эвсийн бүлэг энэ асуудалд тухайлан хуралдаагүй. Учир нь, Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллахыг шийддэг. Иймээс Ш.Түвдэндоржийг оруулж ирж буй талаар байр сууриа илэрхийлэхгүй байгаа. Гэхдээ "Давхар дээл"-ний асуудлын хор уршгийг хэдэн сараар л ярилаа. Үүний дүнд Засгийн газрын гишүүдийг гаднаас томилох нь зүйтэй гэсэн хандлага үүссэн. Энэ үүднээс ерөнхий хандлага чиг баримжаагаа алдалгүй Засгийн газраа "Давхар дээлгүй" -гээр бүрдүүлэх нь зүйтэй гэсэн хувийн бодол байна.
-"Шударга ёс" эвслийн бүлэг Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгөх асуудыг бүлгийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Үүнд ямар дүгнэлт гаргасан бэ?
-Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх асуудал өөрөө дөрвөн жилийн дараа сонгогчдоороо дамжуулаад дүнгээ тавиулдаг. Гэхдээ бүрэн эрхийн хугацаа дундаа орсон энэ үед манай бүлэг Засгийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь буюу нийгэм эдийн засгийн зорилт хөтөлбөрөө хэрхэн яаж хэрэгжүүлсэн талаар үнэлэлт дүгнэлт өгөхөр бэлтгэж байна. Зарим нэг сайдын өргөдлөө өгсөн асуудал, шинээр сайд томилох асуудлаас болоод түр хойшлуулсан байгаа. Зорилт хөтөлбөрийн биелэлт хоцрогдолтой яваа бол хариуцлага тооцох асуудал яригдана.
-Монгол банкны ерөнхийлөгч, удирдлагын багт хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа. Эвслийн зүгээс хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байна уу?
-Энэ асуудлыг Бие даагчдын зөвлөлөөс УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. УИХ-ын дарга Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох асуудлыг оруулж ирдэг. Харин огцруулах тухай асуудлыг хэн оруулж ирдгийг би сайн мэдэхгүй байна. Хуулиар бол УИХ-ын гишүүн томилосон албан тушаалтантайгаа хариуцлага тооцож болмоор харагддаг. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн тухайд арай жаахан өөр байж болохоор тайлбарлаад байгаа юм. УИХ-аар энэ асуудал орж ирээгүй байхад тэгнэ, ингэнэ гэж ярих зохимжгүй гэж үзэж байна. Ойрын үед энэ асуудал нэг мөр болно биздээ гэж бодож байна.
-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгийн зүгээс өргөн барьсан. Огцруулах нь зүйтэй гэж үзэж байна уу?
-Н.Батбаяр сайдын асуудлыг бид тухайлан ярилцаагүй. Учир нь, манай бүлгийн нэлээд хэдэн гишүүн гадаадад томилолттой, хойшлуулшгүй ажилтай байгаа. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл бид ирцээ хангалтай болохоор энэ асуудлыг хэлэлцэнэ.
Ш.ОЧ