-ОХУ, Беларусь, Казакстан улс хамтран Евразийн эдийн засгийн холбоо байгуулав-
Түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээлд унаж, улс орнууд “бүсээ чангалж” буй энэ үед ОХУ, Казакстан, Беларусь улс хамтран Евразийн эдийн засгийн холбоо байгуулахаар болсон байна. Энэ талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд албаныхан хийсэн бөгөөд үүнд ОХУ болон Казакстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, албаныхан хүрэлцэн ирж, мэдээлэл өгсөн юм.
Дэлхийн улс орнууд эхнээсээ эдийн засгийн нэгдмэл эрх чөлөөнд хүрэхээр одооноос хэлэлцээ хийх болсон байна. Магадгүй энэ бол зөвхөн олон нийтэд мэдэгдэж буй асуудал бол үүний цаана ямар нүсэр бодлого улс, орнуудад байж болзошгүйг тааж хэлшгүй. Евразийн эдийн засгийн холбоог дээр хэлсэн гурван орон байгуулах бөгөөд энэ гэрээгээ өнгөрсөн сарын сүүлчээр Казакстан улсын нийслэл Астана хотод үзэглэсэн байна. Үүнд улсыг төлөөлж, төрийн тэргүүнүүд нь гарын үсэг зуржээ. Харин 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс гэрээгээ хэрэгжүүлж, холбоо ажиллаж эхлэх юм байна.
Гишүүн гурван улсын хил нээгдэнэ
Энэ холбоо эдийн засгийн асар их үр өгөөж авчрахыг албаныхан онцолж байна. Ганц улсаараа биш, бүсийн хэмжээнд нэгдэн нягтарч, эдийн засгаа өөд татах юм гэнэ. Тодруулбал, уг холбоог байгуулснаар эдийн засгийн үсрэнгүй хөгжилд тэмүүлж, тэгшхэн татсан шулууны хойно энэ гурван улс зэрэг зогсч барианаасаа хамт эхлэх ажээ. Энэ хүрээнд гурван улс хоорондын бараа таваар, ажил үйлчилгээ, ажиллах хүчийг чөлөөтэй солилцохоос гадна эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэр, зам тээврийн бодлогоо харилцан зөвшилцөх үүрэг хүлээсэн байна. Гурван улс хоорондоо хилээ нээж,бизнесменүүд нь нэг хэв маягт оруулсан хууль тогтоомжийн дагуу холбооны гишүүн улсдаа чөлөөтэй ажиллах боломжтой болж, бараа таваарыг татвар, хураамжгүй шилжүүлэх, гишүүн орны иргэд харилцан суралцах боломжтой ажээ.
Голлох салбар дахь шийдвэр гаргалтад зөвшилцөнө
ОХУ, Беларусь, Казакстан улс ижил, тэнцүү зарчмаар эдийн засгаа хөгжүүлэхээр нэгдэх холбоонд нэгдэн орсон тул стратегийн ач холбогдолтой, эдийн засгийн голлох салбарт гаргах шийдвэрийг бусад гишүүн оронтойгоо зөвшилцөх санаа гэрээнд бий ажээ. Энэ дагуу дээр хэлсэнчлэн эрчим хүч,аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээврийн бодлогодоо шийдвэр гаргахаар бол гишүүн орнуудтайгаа зөвшилцөхөөс гадна гишүүн орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тогтолцооны онцлогийг хүндэтгэх зарчмуудыг гэрээнд тусгасан байна.
Энэ нь цаашдаа гишүүн орон ямарваа байдлаар өөр улстай харилцаа тогтоод тушаа болохгүй биз? гэсэн асуултад Казакстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Кобландин “Холбооны гишүүн улсууд олон улсын бусад гэрээ, хэлэлцээрт нэгдэхэд ямарваа саад тотгор гарахгүй, холбоо нээлттэй байгууллага байх юм. Евразийн эдийн засгийн холбооны ажиллагааны үндсийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, Дэлхийн худалдааны байгууллагад ч үйлчилдэг зарчмыг бүрдүүлнэ”гэж хариулсан юм.
Дэлхийн хамгийн том тээвэр-логистикийн нэгдэл болно гэв
ОХУ, Казакстан, Беларусь улсууд аж үйлдвэрийн бааз суурь сайтай, энэ чиглэлээрээ хөгжингүй оронд тооцогддог, хүний нөөц, оюун ухаан, соёлын асар их потенциалтай улс болохыг албаныхан онцолсон. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн энэ гурван улсын нутаг дэвсгэрт хайгуулаар тогтоогдсон40 их наяд ам.долларын өртөг бүхийашигт малтмал энд байдаг нь дэлхийн бүх ашигт малтмалын дөрөвний нэгийг бүрдүүлдэг ажээ. Холбоо нь дэлхийн хамгийн том тээвэр-логистикийн нэгдэл болохоос гадна эрчим хүч, улаан буудайны томоохон экспортлогч болох гэнэ. Эдийн засгийн нэгдсэн орон зайд зөвхөн энэ гурван улсын хувьд нийт эдийн засгийнх нь хэмжээ 2.2 их наяд ам.доллар, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний нийт хэмжээ 1.5 их наяд ам.долларт хүрэх ажээ. Хүн амын тоогоор зах зээлийг хэмжвэл Евразийн эдийн засгийн холбооны гишүүн гурван оронд нийт 170 сая хүн амтай хүчирхэг зах зээл бий болохыг албаныхан дуулгалаа.
Монгол Улс яах вэ?
Хөрш, зэргэлдээх орнууд Евразийн эдийн засийн холбоо байгуулж, нэгдээд байхад Монголд ямар үр ашигтай вэ гэх асуудал хамгийн чухал. Бидний хувьд энэ холбоонд нэгдэн ортол шууд үр ашгийг мэдрэхгүй нь тодорхой. Нэг зүйл ажиглахад, гурван улс нийлж холбоо байгуулснаа Монголд зарлаж буй нь цаагуураа холбоондоо нэгтгэх гэсэн хүсэл, эрмэлзлэлийн нэг илрэл гэж харж болохоор. Энэ тал дээр албаныхан тайлбарлахдаа “Одоогоор Армен, Кыргызстан улс манай холбоонд нэгдэхээр хүсэлтээ илэрхийлсэн. Монголын хувьд нэгдэх боломжтой. Гагцхүү биднээс үүнд тайлбар, чиглэл өгөх эрхгүй. Монголын судлаачид энэ талаар судалж байгаа байх” гэж хэлж байсан юм.
Холбоонд цаашдаа 40 улс элсэх сонирхолтой буйн дотор БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Турк, Израйль, Шинэ Зеланд зэрэг томоохон эдийн засагтай улсууд байгаа ажээ. Улс орнууд холбоонд гишүүнээр элсэхэд онцлох шаардлага байхгүй, ерөнхийдөө холбооны дүрмийг зөвшөөрсөн бол орох боломжтой гэсэн. Гагцхүү энэ дүрмэнд юу тусгасан байгааг судлаачид нарийн судалсаны дараа Монгол яах вэ гэдгээ шийдэх нь.
Давтан хэлэхэд, Евразийн эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх гэсэн гурван улсын байгуулсан Евразийн эдийн засгийн холбооны гэрээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ийнхүү дэлхийн улс орнууд хамтдаа хөгжих бодлого барьж эхэллээ.
У.БОЛОР