ОХУ, Украины албаныхан өнөөдөр /VI.2/ Бельгийн Брюссель хотноо байгалийн хийн асуудлаар яриа хэлэлцээгээ сэргээжээ. Яриа хэлэлцээнд Украины төрийн өмчийн “Нафтогаз”, Оросын “Газпром” компанийн албаныхан оролцож буй юм. “Натфогаз” компанийн зүгээс яриа хэлэлцээ эхлэхээс өмнө “Газпром”-той хэлэлцэн тохиролцох байгалийн хийн үнэ, хэмжээ, нийлүүлэлтийн нөхцөл өөрчлөхтэй холбоотой гэрээний төсөл боловсруулж илгээсэн гэнэ.
Европын холбооноос зуучилсан ОХУ, Украины хоорондох байгалийн хийн яриа хэлэлцээр өнгөрсөн долоо хоногт Германы нийслэл Берлин хотноо эхэлсэн юм. Берлинд болсон хэлэлцээрийн дараа Украин өнгөрсөн хоёроос гуравдугаар сарын хооронд авсан байгалийн хийн төлбөр 786 сая ам.долларыг Оросын “Газпром” компанид шилжүүлсэн билээ. Оросын “Газпром” компаниас мэдээлснээр Украин 5.2 тэрбум ам.долларын байгалийн хийн төлбөрийн өртэй бөгөөд ирэх сард байгалийн хий хүлээж авахын тулд 1.7 тэрбум ам.долларын урьдчилгаа төлөх ёстой гэнэ.
Киевт улс төрийн хямрал эхэлснээс хойш ОХУ нь байгалийн хийгээ Украинаар дамжуулан Европын бусад орнууд руу гаргасаар байх эсэх нь эдийн засгийн чухал асуудал болоод буй юм. Европ байгалийн хийн хэрэгцээнийхээ 15 хувийг Украины нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас хангадаг аж. Тиймдээ ч ОХУ байгалийн хий нийлүүлэхээ болих, үнээ нэмэх асуудал Европынхны анхаарлын төвд байгаа юм. Үүний зэрэгцээ ОХУ Хятадтай байгалийн хий нийлүүлэх 30 жилийн гэрээ байгуулж, Европын хэрэгцээ, шаардлагаас хараат байдлаа үгүй хийх алхам хийсэн билээ.
Б.АНХТУЯА