Ерөнхий сайд асан Ийнглак Чиннаватын засгийг огцруулах зорилготой Таиландын язгууртнуудын дэмжлэгтэй бослого хөдөлгөөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөөд байна. Тавдугаар сарын 22-нд Тайландын арми төрийн эргэлт хийн улс орондоо цэргийн дэглэм тогтоогоод байгаа билээ. Тэгвэл энэ бүх улс төрийн эмх замбараагүй байдлаас болоод тус улсын ДНБ-ий хэмжээ 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Ер нь гадаад зах зээл гэхээсээ илүү дотоод зөрчлөөсөө болж улс орон сүйрдэг, дампуурдаг, эдийн засгийн хямрал орж дуусдаг жамтай.
Хаврын чуулганы хугацаа талдаа орсон хэдий ч эдийн засагт чухал хуулиуд хүлээлтийн байдалтай байсаар л байна. Бүтэн сар гаруйн хугацаанд сандал суудлын хэрүүл хийсэн улстөрчдийн гараас тэдгээр хуулиад хэзээ гарах бол гэж бизнесийнхэн анхааралтай ажиглаж байгаа. Цариг, хайгуулын лицензийн хоригийг чөлөөлөх гээд улс орны хөгжилд хэрэгтэй хуулиудыг баталснаар гадаад зах зээл өргөжин тэлэх боломжтой болох юм. Өнөөдрийн хувьд хөрөнгийн урсгалыг татах, эдийн засгаа хөгжүүлэх, гадаад зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортоо өсгөх гээд бүх асуудал зөвхөн монголчуудын дотоодын эв нэгдлээс шалтгаалахаар болж байна.
Тавдугаар сар эдийн засгийн үйл явдлаар дүүрэн байлаа. Ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айлчлал хүлээж байснаас ч илүү эдийн засагт ээлтэй айчлал болсныг онцлох нь зөв. Өнгөрсөн жилүүдэд мөнхийн хөршүүдтэйгээ үл ойлголцлын байдалтай явж ирсэн Монгол Улсын хувьд гадаад зах зээлтэйгээ, тэр тусмаа хоёр хөрштэйгөө хэл амаа ололцож чадсан нь том ололт.
Шанхайн бага хурлын үеэр манай Ерөнхийлөгч Хятад, Оросын тэргүүнүүдтэй тусгайлан уулзаж, хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Дэлхийн зах зээлд гарахын тулд Монгол Улс хоёр хөршөөр гүүр хийхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, далайд гарцгүй, хоёр их гүрний дунд оршиж буйн хувьд хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байх нь чухал. Тэгээд ч экспорт, импортын хувьд Орос, Хятад манай улсын гол зах зээлүүд гэж тодорхойлж болно.
Петербург болсон олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын тэргүүн В.Путинтай уулзсанаар ямар ч байсан манай хоёр улсын хамтын ажиллагаа, харилцаанд багагүй ахиц гарсан гэж хэлж болно. Хэн, хэн нь хувийн амбицийнхаа төлөө багагүй “гэдэн”-тэй явж ирсэн хэдий ч ямар ч байсан мөнхийн хөршүүдийнхээ хувиар итгэлцэл, эв найрамдлаа хангах нь чухал гэдэг ойлголт дээр нэгдэж чадсанаараа Монгол Улс гадаад асуудлаа шийдэж чадлаа. Харин дотоод асуудлаа яах вэ? Сандал суудал, эрх мэдлээ булаацалдан хэрэлдээд байх уу, эсвэл нэг баг болж тоглох уу.
Улс төрийн хүчнүүд нь нам эсвэл, фракц бүлэглэлээрээ талцаад шуудайд хийсэн үхрийн шиг байгаа нөхцөлд урдах хэрүүлээсээ илүү харж төлөвлөж, шийдвэрлэж чадахгүй нь тодорхой. Өнөөдрийн эдийн засгийн хямрал өчигдрийн хэрүүл, дотоод зөрчлийн илрэл гэж хэлчихэд гэмгүй байх. Хөрөнгө мөнгөгүй, төмөр замгүй, дэд бүтэцгүй байгаагийн гол шалтгаан нь ерөөсөө л дотоодын зөрчил. Намууд нь, намуудынх нь фракциуд нь зөвхөн хувийн тоглолтоо илүүд үзээд байвал эдийн засаг энэ байтугай хямрах биз.
Нүүрсний экспорт нь тэг зогсолт хийж, гадаад зах зээлд эрдэс баялгийн үнэ унаж, хоёр хөршүүд эдийн засгийн хамтын ажиллагаагаа стратегийн төвшинд хүргэхээр төлөвлөж байгаа энэ үед хямралыг хохирол багатай давахын тулд монголчууд дотоод зөрчлөө дарах ёстой. Тэгээд ч хэрүүлийн бузар гэж монголчууд ярьдаг. Тийм болохоор тогоон доторх хэрүүлээ зогсоогоод гадаад зах зээл рүүгээ анхаарал тавъя. Гадныхан хүртэл монголчуудын энэ хэрүүлээс залхаж байна шүү дээ.
Ж.ЭРХЭС