УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэн байна. Ерөнхий сайдын мэдээлэл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдээр Сангийн яамны мэдээллийг сонссон байна.
Ерөнхий сайдын зүгээс Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өгсөн байна. Мөн АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэхээр танилцуулсныг АН-ын бүлэг дэмжсэн байна. Тиймээс Ерөнхий сайд энэ долоо хоногт ҮХАА-н сайдад нэр дэвшүүлсэн хүний нэрийг УИХ-д өргөн барих юм байна. Үүнээс гадна МАН-аас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй уялдуулан Ерөнхий сайдаас мэдээлэл сонсчээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын зүгээс улс орны эдийн засагт үүссэн нөхцөл байдал, хүндрэлээс маш шуурхай гарч, эдийн засгийг эрчимжүүлэх үүднээс Засгийн газартаа 100 хоног идэвхтэй ажиллах даалгавар өгсөн. Эдийн засгийг эрчимжүүлэх энэ үед Эдийн засгийн хөгжлийн сайдыг нь огцруулна гэдэг МАН хариуцлагагүй үйлдэл хийж байна гэж ойлгож байна" гэлээ. Эдийн засгаа эрчимжүүлж, дээшлүүлэхэд аль аль талын дэмжлэг чухал хэрэгтэй байгаа энэ үед сөрөг хүчин эсэргүүцэх, үгүйсгэх, оцгруулах үйлдэл хийхээс өөр ажил хийхгүй байна гэж АН-ын зүгээс шүүмжилсэн байна. Мөн АН-аас эдийн засгийн нөхцөл байдлын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаархи мэдээллийг судалж, удахгүй олон нийтэд танилцуулахаар болсон байна. Үүний дараа бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног үр дүнгээ өгөхгүй бол ямар ч хүнд хариуцлага тооцох шаардлагагүй гэж АН-ын бүлэг үзэж байна уу?
-Ямар үед хариуцлага тооцож, бүтцийн өөрчлөлт хийх вэ гэдэг дээр АН нэг байр суурьтай байгаа. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь байлгаж ажил хийлгэнэ.
-ҮХАА-н сайдад нэр дэвшүүлсэн Ш.Түвдэндорж гишүүнийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарийг Ерөнхийлөгч гаргасан байсан. Энэ талаар ямар байр сууртай байна вэ?
-Ерөнхий сайд ҮХАА-н сайдын нэрийг дэвшүүлэхдээ хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн бичгээ солилцсон гэсэн мэдээлэлтэй байна. Өнөөдөр ямар хууль үйлчилж байна. Тэр хуулийн дагуу зохицуулагдаад явна.
-АН-ын зарим гишүүн бие даагчид, эвслийн бүлгийн гишүүдтэй хамтран албан бус бүлэг байгуулахаар болсон талаар мэдээлэл яваад байна?
-Манай намын гишүүдээс намынхаа бодлогоос ухраад албан бус бүлэг байгуулна гэсэн мэдээлэл ирээгүй. Тэгэхгүй байх гэж найдаж байна.
Ш.ОЧ