Спортын сэтгүүлчид дугуйчин Ч.Мөнгөндалайг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.02-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчид дугуйчин Ч.Мөнгөндалайг дэмжлээ

Спортын сэтгүүлчид дугуйчин Ч.Мөнгөндалайг дэмжлээ

 

Дугуйчин Ч.Мөнгөндалай гэж залууг дугуйн аялагчид, энгийн иргэд ч эчнээ таних билээ. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хэдий ч сэтгэл өөдрөг, эрч хүчтэй амьдрахыг эрмэлздэг энэ залуугийн ихэнх цаг дугуйн дээр өнгөрдөг. Ажлаа ч, амралт чөлөөт цагаа ч дугуй унахад зориулдаг Ч.Мөнгөндалай хоёр жилийн өмнөөс Монгол орноо дугуйгаар тойрон аялахыг мөрөөдөх болж, энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд сэтгэл зүй, дугуйн бэлтгэлээ сайтар хангажээ. Өмнө нь Улаанбаатараас Хөвсгөл хүртэл явган аялалд оролцож байсан болохоор хол газарт хэрхэн аялж, аян замын саад бэрхшээлийг давах талаар ойлголттой болсон гэнэ. Улмаар “Залуу дугуйчин” клубын гишүүн болж, дугуйгаар ойрын болон холын аялалд олонтаа оролцжээ. Энэ туршлагадаа суурилан Монгол орны баруун хязгаарт ганцаараа дугуйн аялал хийхээр зорьж, тавхан хоногийн дараа тэрээр Улаанбаатараас замд гарах гэж байна.

Ч.Мөнгөндалай аяллынхаа хугацаанд гурван сар гаруйн хугацаанд 5500 км замыг унадаг дугуйгаар туулах ба зургадугаар сарын 7-нд түүнийг “Залуу дугуйчин” клубын дугуйчид аян замд нь үдэж өгөх аж.  Ч.Мөнгөндалай нь Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны дэргэдэх “Залуу дугуйчин клуб”-ын гишүүн юм. Тиймээс түүний дугуйн аяллыг МЗХ дэмжиж, тус холбооны гишүүд түүнийг аяллын явцад орон нутагтаа хүлээж аван, хоол хүнсээр хангах тал дээр туслалцаа үзүүлэхээр болсон байна.

Өнөөдөр МЗХ, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос хамтран Ч.Мөнгөндалайгийн аяллын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж,  Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбооны тусламжтайгаар тэрээр сэтгүүлчдэд өөрийн аяллын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар залуу дугуйчин Ч.Мөнгөндалайд амжилт хүсч, дугуйн хувцас, хэрэглэл гардуулсан юм.

Та бүхэн ч бас багадаа эцэг, эхээсээ өнчирч, хэл ярианы бэрхшээлтэй болсон ч спортоор хичээллэн, түүнийхээ үр шимийг бусадтай хуваалцаж яваа энэ залууг дэмжиж, түүний аян замын зардалд хандив өргөхийг уриалж байна.

Хандивын данс: Төрийн банкны 104400224360.

Аяллыг дэмжигч байгууллагууд:

  • МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб
  • Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
  • Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо
  • “Амжилтын төдөө хамтдаа” ТББ

Одоогоор түүнд дараах байгууллага, хүмүүс туслалцаа үзүүлээд байна:

  • “Залуу дугуйчин” клубын 60 гаруй гишүүн, “Cannondale” дугуйн дэлгүүрийн хамт олон хандив цуглуулж, түүнд GT Avalanche загварын дугуй бэлэглэв.
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл хотын Засаг дарга С.Энхтайван дугуйн аяллыг дэмжин, 100,000 төгрөг хандивлаж, Хөтөлийн аж ахуй нэгж, байгууллагуудыг хандив өргөхийг уриа
  • “Compass” аяллын дэлгүүрийн хамт олон хоёр хүний майхан бэлэглэв.
  • “Атилла” дугуйн клуб дугуйн сэлбэг, хэрэгслээр туслахаа илэрхийлсэн.
  • АНУ-ын иргэн, дугуйчин залуу 100 ам.доллар хандивлав.
  • АНУ-д ажиллаж амьдардаг, жүдо бөхийн ОУХМ М.Энхцэцэг 100 ам.доллар хандивлав.
  • Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид 200.000 төгрөг хандивлав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж