
Урчуудын эвлэлийн хорооны шагналт зураач, багш С.Дагвадоржтой шинэ үзэсгэлэн болон уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.
-Шавь нарынхаа хамт гаргаж байгаа хоёр дахь үзэсгэлэн чинь юм байна. Анх хэзээ гаргаж байсан юм бэ?
-Шавь нартайгаа арван жилийн өмнө 2000 онд хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Арав, арван жилийн зайтай гаргаж байхаар болж байгаа юм. Ер нь бол дүрслэх урлаг байнга арав, арван жилээр хөгжлийнхөө үе шатыг тодорхойлж байдаг. Бид нар өнөөдөр Монголд үе шатлалаар тодорхойлж байгаа юм байхгүй байгаа болохоор бүгдээрээ зүтгээд юу ч гэсэн өөр, өөрсдийнхөө урлагийг арав арван жилээр тодорхойлж дүгнэж байя гэсэн байр суурьтай байгаа. Анхны үзэсгэлэнгээ гаргаж байхад дөнгөж сургуулиа төгсөөд арваад жил болчихсон уран бүтээлчид байсан. Одоо бол миний шавь нар Монголд төдийгүй олон улсад танигдах сайн уран бүтээлчид олон байна. Гадаадын олон оронд хамтарсан болон нийтийн үзэсгэлэнгүүдээ гаргасан, олон улсын триенналиудад тогтмол оролцдог уран бүтээлчид байна.
-Та хэдэн жил багшилж байгаа вэ?
-Ерөнхийдөө арван гаруй жил багшилж байна. 2001 оноос хойш бие даасан уран бүтээлч гэж явж байгаа.
-Анхны үзэсгэлэнгээ хэдэн шавийнхаа хамт гаргаж байсан бэ?
-Анх 15 шавьтайгаа “Дагва ба шавь нар” хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан.
-Өнөөдрийн үзэсгэлэнд хэдэн шавийн тань уран бүтээл байна?
-Миний 16 шавь уран бүтээлээрээ оролцож байна
-Та ямар төрлөөр голчлон уран бүтээлээ туурвидаг вэ?
-Миний уран бүтээлийн үндсэн гол элемент бол тосон будган уран зураг, хөрөг зураг, тайлан зураг, сэдэвт зургууд. Урлагийнхаа төрөл дотор инстолляци, ланд артыг түлхүү хийдэг. Дэлхийн таван тивийн уран бүтээлчид оролцдог Гуанжоугийн тренналиас Ази тивээ төлөөлөөд инстолляци төрлөөрөө тусгай шагнал авч байсан. Энэ шагналыг авахад Монгол улсын Засгийн газар тив дэлхийд нэрээ гаргасан гээд мөнгөн шагналаар шагнаж байсан.
-Та хэр чанга багш вэ?
-Зөөлхөн. Би тэр бүр юм заагаад байдаггүй. Авъяастай шавь нар надад заяасан. Тэдэнд би үгээр юм илэрхийлж байгаагүй юм шиг санагддаг. Яагаад гэхээр тэр шавь нар маань миний дохио зангаанаас юм сурдаг. Багш гээд дандаа чанга байж болохгүй, дандаа сул байж бас болохгүй. Доозыг нь тааруулах хэрэгтэй л дээ.
-Таны шавь нартаа баримталдаг гол зарчим тань юу вэ?
-Би сурч байхдаа дэлхийн урлагийн түүх их уншдаг байсан. Тийм учраас шавь нартаа дэлхийн урлагийг түлхүү ярьдаг. Зарим хүмүүс “Чи дэлхий гэж их ярих юм. Хаашаа юм битгий томроод бай” гэдэг ч энэ уран бүтээлийг чинь хувь хүн хийдэг учраас хаанахын хэнтэй ч өөрийгөө харьцуулж ярих ёстой. Тиймээс би аль болох агуу мастеруудаас жишээ татаж шавь нартаа хичээл заадаг байсан нь өнөөдөр шавь нарт маань нөлөөлсөн байх гэж боддог.
-Энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн таны “Төрсөн нутаг” бүтээлийн талаар ярилцъя?
-“Төрсөн нутаг” гэхээр хүн бүрт л өөрийнхөө төрсөн нутгийг зурсан байх гэж буудаг. Би Монголын төрхийг гаргаж чадахуйц зохиомж аваад үзүүлэхийг зорьсон. Энэ нь мөн миний төрсөн нутагтай уулстай ойролцоо нийтлэг төрх байдалтай уул.-Зургийн өнгөний сонголтын хувьд?
-Эсрэг тэсрэгцэлсэн, гэрлийн контрасттай зураг. Манайд өвгөн буурал хадархаг уулс, толгод их байдаг. Монголын уулс ерөнхийдөө их хөгширсөн. Би өөрөө хадны зураг их сонирхдог. Манай Монгол орон чинь энгийн хүмүүс харахад шороо, чулуу харагдаад байгаа юм. Урлагийн бидний нүдэнд бүхэл бүтэн галерей байдаг юм, энэ чинь. Би их харамсдаг, энд тэндгүй алт ухаж байгаад. Дэлхийд танигдсан тэр хадныхаа зургийг үзэх гээд очиход тэр хэсэг газрыг тороор татчихсан тийм л юмтай амьдрал дээр зөндөө таарч байна. Тэгээд орох гэхээр наана чинь тэслэх гээд байхад гээд л. Манайхан чинь их бүдүүлэг байна. Энэ уулс чинь тэр чигээрээ галерей. Дэлхийд гайхагдсан арав гаруй километр үргэлжилсэн хадны зургууд манайд байдаг. Тэрийг бол юугаар ч үнэлээд баршгүй. Юун алт. Би уул уурхайнханд “Та нар бол мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор. Үнэхээр мэдлэггүй хүмүүс” гэдэг. Монгол Алтайн нуруу битүү хадны зурагтай. Тэгээд Солонгосоос нэг зураач ирээд л тэрнийг хараад фото зургийг нь аваад докторын зэрэг хамгаалчих жишээтэй. Бид нар 8000 доллар төлөөд доктор болдог бол тэр солонгос хүнд улсаас нь 25 мянган доллар өгөөд чи докторын зэрэг хамгаал гэдэг, манайханд бүх юм эсрэг, тэсрэг. Тэр хадны зураг бол юм уншиж ойлгодог хүнд их юм өгүүлнэ.
-Уран бүтээлийн тань дийлэнх нь байгалийн болон хадны зургууд байдаг уу?
-Үгүй ээ. Намайг мэргэжлийн уран бүтээлч найз нөхөд маань хөрөг талдаа уран бүтээлээ хийдэг гэдэг.
-Зураач хүний нүдээр манай нийгэмд байгаа хамгийн гэгээлэг зүйл юу вэ?
-Хамгийн гэгээлэг юм бол хүмүүсийн авьяас, чадвар гэж боддог. Манай монголчууд ялангуяа манай мэргэжлээр гарын ур, нүдний ур давамгайлж байдаг. Хамгийн гол нь ухааны ур хэрэгтэй.
-Гадаадад тэмцээнд оролцож байсан гэсэн шүү дээ. Санхүүгийн асуудлаа яаж шийддэг вэ?
-Тухайн оролцож байгаа биенналь, триенналь, фестивалиудаас болно. Миний оролцож байсан үзэсгэлэнгүүд дандаа цаанаасаа санхүүжилтэй байсан. Зарим томоохон нь надаас гадна нэг туслахаа тэр ч бүү хэл хэвлэл мэдээллийнхийг авч явах эрхтэй гээд л янз бүр байдаг. Аль төвшинд зохион байгуулж байгаагаасаа болно. Тив дэлхий, олон улсын биенналь, триенналиуд цаанаасаа голдуу сонголтоо хийдэг. Манайхны зарим нь эндээсээ сонголтоо хийгээд явдаг гэж ойлгодог. Тийм биш. Би бол бүтээлээ явуулаад дандаа цаанаасаа сонгогдож оролцож байсан.
-Манай дүрслэх урлагийг гадаадынхтай харьцуулбал ямар төвшинд байгаа вэ?
-Манайд дэлхийд танигдсан цөөн тооны уран бүтээлчид байдаг. Дүрслэх урлаг массаараа явж байгаа. Сүүлийн үед манай дүрслэх урлаг наймааны тал руугаа болчихсон. Энэ нь бусад урлагийн төрөлтэйгээ төстэй. Өнөөдөр Монголд мөнгө олъё гэж кино хийгээд байгаа болохоос хүний сэтгэл зүрх, гоо сайхны талаас бодож хийж байгаа нь үнэхээр байдаггүй шүү дээ.
-Таны бүтээлийг худалдаж авъя гэж санал тавьбал?
-Санал тавьдаг ч би өнөөдөртөө нээх бүтээлээ зараад байя гэж боддоггүй. Яагаад гэвэл миний бүтээлүүд шагнал, урамшууллаараа энэ орон зайг нөхөөд байдаг. Гэхдээ байнгын ингээд бодоод байж болохгүй л дээ. Нэг өдөр өөрчлөгдөж ч мэднэ.
-Ойрын үед төлөвлөсөн ямар уран бүтээл байгаа вэ?
-Олон улсын уралдаанд уран зургаараа орох гэж байгаа. Бие дааж дан уран зургуудаараа цуврал үзэсгэлэн гаргана.
-Хэдийгээр бие даасан үзэсгэлэнгээ гаргах вэ?
-Ер нь хугацаа хэлэх амаргүй. Эхлээд үзэсгэлэн гаргана гэж зорилго тавиад юмаа хийхээр тэр ажлууд сэтгэлд хүрмээргүй ч юм шиг байдаг. Харин юмаа хийчихээд үзэсгэлэнгээ гаргавал зүгээр юм уу гэсэн зорилготой байгаа.
-Баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
Г.Даша